Хүүхэд бүр хүслээ гараар бичиж уралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдэд зориулсан "Би нар" киног нээхийн өмнө ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Би нар” захидлын уралдааныг зарлажээ. Нийгмийн хар барааныг бус гэр бүлийн үнэ цэн, хүүхэд насыг гэрэл гэгээтэйгээр өнгөрүүлэх, цахим орчныг зөв ашиглахыг уриалах зорилго бүхий энэ уралдааныг I-VI дугаар анги, VII-XII анги гэсэн хоёр ангиллаар зарлажээ.
Киноны найруулагч Ж.Сэнгэдоржийн хэлснээр, "Хүүхэд өөрийн хүсэл сонирхлыг илэрхийлж гараараа бичсэн захидал бол тэдний амьд харилцааг илэрхийлэх, гэр бүлийн хүмүүжлийн үнэ цэнийг ухааруулах зорилготой" аж. "Би нар" киног ч хүүхдүүд өөрсдийгөө үнэлэн цэгнэхэд зориулан бүтээсэн тул захидлын уралдаан ач холбогдолтой гэж уран бүтээлчид нь үзжээ.
Уралдаанд оролцогч хүүхдүүд 800-аас илүүгүй үгтэй захидлыг зөвхөн гараар бичиж оролцоно. Ангилал тус бүрт түрүүлсэн хүүхэд, хамт олныг "Найрамдал" Олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичиг, удаах байрт орсон хүүхэд бүрийг "Би нар" уран сайхны шинэ киног үнэ төлбөргүй үзэх эрхээр шагнана. Захидлыг энэ сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Нийслэлийн Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн төв байр, шуудангийн хаяг-365, Улаанбаатар-15160 хаягаар тус тус хүлээн авах юм байна.