Цагаачдын цуваа АНУ-ыг чиглэн хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-03-25 14:52:11

МЕХИКО. /TASS/. Гондурас, Сальвадор, Никарагуа, Гватемал болон Куба улсын иргэдээс бүрдсэн 1500 орчим цагаачдын цуваа Мексикийн өмнөд нутагт орших Чьяпас мужийн Тапачула хотоос тус улсын хойд нутагтай залгаа АНУ-ын хилийг чиглэн ням гарагт хөдөлжээ. Энэ тухай “El Nacional” сонин мэдээлэв.


Тус сонинд мэдээлснээр, цагаачид Мексикийн нутаг дэвсгэрт анх удаа цуваа бүрдүүлсэн нь энэ аж. Дээрх цагаачид 2019 он гарсны дараа Чьяпас мужид иржээ.


Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээллээс үзвэл, жил бүр хэдэн зуун мянган хүн Мексикийн нутгаар дамжин АНУ-д нэвтрэх оролддог байна. Энэ замд цагаачид маш олон аюултай тулгардаг бөгөөд ихэвчлэн гэмт бүлэглэлийн эсвэл хүний наймаачдын золиос болдог аж.


Төв Америкийн орнуудын цагаачид өнгөрсөн оны намраас хойш Мексикээр дамжин АНУ-ыг зорих болсон билээ. Одоогийн байдлаар АНУ-тай залгаа Мексикийн хил орчимд хэдэн мянган цагаач ирээд байгаа юм. Албан бус тооцоогоор, Гондурас, Гватемал болон Сальвадор улсаас ирсэн 6000-9000 цагаач Тихуана болон Мехикали хотод байна. Тэдний зарим нь эх орондоо буцахаар эсвэл Мексикт үлдэхээр шийджээ. АНУ-ын эрх баригчид аюулгүй байдлыг хангах үүднээс хэдэн мянган цэргээ хилийн бүсэд тараан байрлуулсан билээ. 

Связанные новости