Малчид, фермерүүдэд хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-03-21 11:08:47

Нийслэлийн Хан-Уул дүүргийн малчид, фермерүүддээ туслах зорилгоор энэ сарын 14-нөөс эхлэн 27.0 сая төгрөгний өвс тэжээлийг 30 хувийн хямдралтай үнээр олгож эхэлсэн байна. 

Тус дүүргийн хэмжээнд цас ихтэй, өвөлжилт хүндэрснээс үүдэн өвс тэжээл олгох ажлыг өнгөрсөн 1 дүгээр сард зохион байгуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд 182 өрхөд 33.0 сая төгрөгний өвс тэжээлийг 30 хувийн хямдралтай үнээр олгосон юм. 

Энэ ажлын үргэлжлэл болгож мал аж ахуйн хаваржилт болон мал төлөлт, төл бойжилтын хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай давахад малчид, фермерүүддээ туслах зорилгоор өвс тэжээлийг хямдралтай үнээр олгож эхлээд байна. Тодруулбал хивэг 8500 /25кг/, Хорголжин тэжээл 16800 /40кг/, Тэжээлийн будаа 24000 /40кг/, Хүчит тэжээл 25000 /40кг/, Ногоон тэжээл өвс 10000 /25-30 боодол/, Хадлангийн өвс 6800 /18-20 боодол/ төгрөгөөр тус тус худалдаалж байгаа аж. 

Тус дүүргийн 12,13 дугаар хорооны иргэд 13 дугаар хороонд байрлах цэгээс, 14 дүгээр хорооны иргэд Айдсын давааны товчооны дэргэд байрлах тэжээл борлуулах цэгээс тус тус худалдан авах боломжтой юм байна. Нэг өрхөд олгогдох өвс тэжээлийн үнийн дээд хэмжээ 200000 төгрөг хүртэл байхаар тогтоожээ. 

Н.Туяа

Связанные новости