Хүүхдэд бие махбодийн шийтгэл үзүүлэхийг хориглосон хуулийн төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-19 12:03:35

ТОКИО. /Kyodo/. Японы Засгийн газар хүүхдийг хүмүүжүүлэх нэрээр бие махбодийн шийтгэл үзүүлэхийг хориглосон хуулийн төслийг баталжээ. Баримт бичгийг парламентад даруй өргөн барина хэмээн “Kyodo” агентлаг мэдээлсэн байна.


Насанд хүрээгүй хүүхдэд бие махбодийн шийтгэл үзүүлэхийг хориглосон уг хууль нь эцэг эхчүүд төдийгүй нийгмийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгч нарт хамааралтай байх аж. Засгийн газрын авч хэрэгжүүлэхээр зорьж буй дараагийн алхам нь насанд хүрээгүй хүүхдийг басамжлан доромжлох явдлыг таслан зогсооход чиглэсэн шинэ зүйл заалтуудыг эрүүгийн хууль тогтоомжид оруулах юм байна.  


Цагдаа болон асрамжийн газруудад бүртгэгдсэн хүүхдэд зүй бус, харгис хэрцгий хандсан бүх хэргийг сарын дотор шийдвэрлэхийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн 2 дугаар сард үүрэг болгожээ.


Ийм арга хэмжээг авах болсон шалтгаан нь Токио хотоос холгүй байрладаг Тиба хотын оршин суугч, 10 настай охинд тохиолдсон явдалтай холбоотой аж. Охин гэртээ зодуулдаг байсны улмаас өнгөрсөн нэгдүгээр сард нас баржээ. Одоогоор охины эцгийг баривчлан саатуулжээ. 

Связанные новости