Сенатч Марко Рубио Цагаан ордны төлөөх өрсөлдөөнөөс гарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-16 10:26:27

НЬЮ-ЙОРК. /TASS/. Флорида муж улсаас сонгогдсон сенатч Марко Рубио АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд төрөлх муж улсдаа ялагдсан ч өрсөлдөөнөөс гарахгүй гэж амлаж байсан боловч сонгуулийн өмнөх кампанит ажлаа зогсоож байгаагаа мэдэгджээ. Тэрбээр ийм мэдэгдлийг мягмар гарагт Майами хотод үг хэлэхдээ хийсэн байна.

“Миний сонгуулийн кампанит ажил зогссон” гэж тэрбээр онцлон хэлээд Флорида муж улсад болсон сунгаанд ялагдсанаа хүлээн зөвшөөрчээ. “Дональд Трампт ялсанд нь баяр хүргэе! Энэ бол Бүгд Найрамдах намын сонгогчдын шийдвэр юм” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Төрөлх муж улсдаа ялагдсан ч АНУ-ын ерөнхийлөгчийн сунгаанаас гарахгүй гэж Рубио мягмар гарагт телевизийн “WDBO” сувгаар мэдэгдэж байжээ.

Флорида муж улсад болсон сунгааны дүн хараахан гараагүй байгаа бөгөөд саналын хуудсын 65 орчим хувийг тоолоод байгаа аж. Одоогийн байдлаар тэрбумтан Дональд Трамп илт давуу ялж байна. Тэрбээр 46.1 хувийн санал авсан бол Марко Рубио 26.7 хувь, Техас муж улсаас сонгогдсон сенатч Тед Круз 16.3 хувийн санал авчээ.

Д.Жаргал

 

Связанные новости