БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нэр хүнд өсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНАСАУ-тай харилцаагаа сайжруулж байгаатай холбоотойгоор түүнийг дэмжигчдийн тоо сүүлийн гурван сарын хугацаанд анх удаа 50 хувийг давжээ. Энэ тухай “Realmeter” судалгааны хүрээлэн мэдэгдсэн байна.
Тус хүрээлэнгээс өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын 1507 иргэний дунд явуулсан судалгаагаар, Мүн Жэ Инийг дэмжигчдийн тоо өнгөрсөн долоо хоногт 1.6 хувиар өсч, 50.4 хувь хүрчээ. Энэ нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногоос хойш анх удаагаа 50 хувийг давсан үзүүлэлт болж байгаа аж.
Эдийн засгийн өсөлтийн удаашрал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээс үүдэлтэй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд учирч буй сөрөг нөлөө зэргээс БНСУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүнд өнгөрсөн оны есдүгээр сараас хойш унаж эхэлсэн хэдий ч эдийн засгийг сэргээх Засгийн газрын хүчин чармайлт болон энэ сарын сүүлээр Вьетнам улсын нийслэл Ханой хотод АНУ-БНАСАУ-ын удирдагчдын хооронд болох хоёр дахь дээд хэмжээний уулзалт зэрэг нь түүний нэр хүнд өсөхөд голлон нөлөөлсөн гэж тус судалгааны хүрээлэнгээс мэдээлжээ.