Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын ээлжит Их хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар/МОНЦАМЭ/.Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал энэ сарын
28-нд болох гэж байна.
Дөрвөн
жилд нэг удаа болдог энэхүү их хурал нь Танхимын
удирдах дээд байгууллага бөгөөд
тайлант хугацаанд Танхимын хийсэн
ажлыг үнэлж дүгнэн
ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлж,
МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгодог журамтай. Энэ
удаагийн ээлжит XX Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
- МҮХАҮТ-аас 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын
тайлан
- Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцтэгэсэн
ажлын тайлан
- МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт
- МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгууль
Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж бизнес
эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалж, илэрхийлэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ирсэн Монголын хамгийн том олон нийтийн байгууллагын хувьд МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд удирдан авч явах
Удирдах байгууллага, Хяналтын зөвлөл, Танхимын удирдлагын сонгууль гишүүд, олон
нийтийн анхаарлын төвд байдаг. Энэ ч үүднээс дотоод ардчиллын дагуу нийт
гишүүд, хурлын төлөөлөгчид, бие даагчдын хувьд нэр дэвших, дэвшүүлэх үйл
ажиллагаа нээлттэй, ил тод байдгаараа онцлогтой.
МҮХАҮТ-ын Дүрмийн дагуу Танхимын удирдах байгууллагууд, Хяналтын зөвлөлд нэр дэвшүүлэх, сонгох ажил
дүрмийн дагуу Их
хурлаас шууд нэр дэвших журмаар явагддаг бөгөөд нэр дэвшүүлэх ажлыг Их хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу энэ хоёрдугаар сарын 26-ний 17.00 цагаар
дуусгавар болгож Танхимын Зөвлөлөөс томилсон тусгай Комисс нэр дэвшигчдийн
материалыг хүлээн авч Их
хуралд оруулан танилцуулах.
Танхимын Удирдах Зөвлөлийн дарга, Танхимын дарга, Орлогч дарга, Ерөнхий нарийн
бичгийн дарга нарт нэр дэвшигчид нь мөрийн хөтөлбөр, товч намтраа битүүмжлэн
комисст тогтоосон хугацаанд хүлээлгэн өгнө.
Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч
(Chairman) нь Танхимын үйл ажиллагааг бодлогын хувьд удирдан
чиглүүлэх, Удирдах
зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх удирдлагад удирдамж заавар,
зөвлөмж өгөх, Танхимаас төр засаг, олон улсын болоод ТББ-уудтай бизнесийнхний эрх ашгийг
төлөөлөн хамгаалах асуудлаар харилцах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг юм.
Танхимын дарга, Орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар
(гүйцэтгэх удирдлагын баг) нь Танхимын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан
зохион байгуулах, танхимын газар хэлтсүүд, гадаад дотоод салбар нэгж, Арбитр, төсөл хөтөлбөрүүдийг нэгдсэн
удирдлагаар хангах, танхимын өмч хөрөнгө, санхүүгийн асуудлыг олгосон эрх
хэмжээний хүрээнд захиран зарцуулах эрх, үүрэг бүхий удирдлага юм.
Танхимын Удирдах зөвлөлд Танхимын гишүүнээр элсээд гурваас дээш жил болсон, гишүүний үүргийн
ямар нэг зөрчилгүй Танхимын
гишүүнд нэр дэвших боломжтой бөгөөд Их хуралд оролцож буй нийт гишүүдийн
олонхийн саналаар сонгодог. Удирдах Зөвлөлөөс Тэргүүлэгчдийг сонгох бөгөөд Танхимын
Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч, Танхимын дарга, Орлогч дарга,
Ерөнхий нарийн бичгийн дарга нар тэргүүлэгч гишүүн байдаг юм. Одоо МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах
зөвлөлийн даргаар Б.Лхагважав, МҮХАҮТ-ын даргаар М.Оюунчимэг нар ажиллаж байна.
Танхимын удирдлагад (Удирдах зөвлөлийн дарга бөгөөд
Ерөнхийлөгч, Танхимын дарга, Орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга)
нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, товч намтраа 2019 оны хоёрдугаар сарын 26-ний 17.00 цагт МҮХАҮТ-ын
байр, 309 тоот буюу Нэр дэвшүүлэх комисст хүлээлгэн өгөх юм. Нэмэлт мэдээллийг membership@mongolchamber.mn
хаягаар авах юм байна. Одоогийн байдлаар ирсэн мэдээллээр Танхимын удирдлагад санхүүгийн
“АРД” нэгдэл, “UFС” болон
Асашёорюү аваргын төлөөлийн баг зэрэг манай бизнесийн томоохон ААН, компанийн
удирдлагаас олон хүн нэр дэвшиж буй, энэ удаагийн МҮХАҮТ-ын удирдах багийн
сонгууль нэлээн өрсөлдөөнтэй болохоор байгаа аж.