“МИАТ”-ын шинэ онгоц эх орондоо газардлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн шинэ онгоц “Вoeing 737-8МАХ” өнөөдөр Улаанбаатарын цагаар 13.05-д Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
АНУ-ын Сиэтл хотоос долоон цаг нисч, 9000 гаруй км, агаарын замыг туулж ирсэн шинэ агаарын хөлгийг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, ИНЕГ-ын удирдлага, “МИАТ”-ын ажилтан ажилчид, хамт олон цэцгийн баглаа барин угтаж авлаа. “Вoeing 737-8МАХ”-ыг жолоодон ирсэн нисэгч Ч.Нямсайхан, Ч.Хурц, хоёрдугаар нисэгч З.Ганзориг, Г.Баатарцогт нар эх орондоо амжилттай бууснаа илтгэн рапорт өгсөн юм.
Шинэ хөлгийн багийн ахлагч, агаарын хөлгийн дарга Ч.Нямсайхантай уулзахад, “Эх орондоо шинэ хөлөг авчирсандаа их баяртай байна. 9.100 км замыг 12 цаг 20 минут туулж эх орондоо газардлаа. Замдаа ОХУ-ын Краснодорт техникийн буулт хийж түлшээ сумлаад наашаа ирлээ. Удирдлагын жолоодлого хуучин онгоцтойгоо нэлээд төстэй. Харин түлшний зарцуулалт 10-15 хувийн хэмнэлттэй болсон. Мөн алслалт арай их болж ачаа даац гурван тонноор нэмэгдсэн. “Вoeing 737 МАХ-8” агаарын хөлгийг шинэ онгоц учраас засвар үйлчилгээ нь хол, санхүүгийн хувьд нэлээд хэмнэлт гарна. Эх орондоо ирэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгарсангүй. ОХУ-аас нисэх үед жаахан салхитай байсныг эс тооцвол агаар их сайхан байлаа. Манай онгоцонд ашиглаж буй технологийн шийдлүүд нь шинэлэг, хүчирхэг LEAP-1B хөдөлгүүр нь бусад онгоцнуудаас илүү үр ашигтай ажиллаж байна” гэж байв.
Шинэ агаарын хөлгийг хүлээн авах ёслолд УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд
Я.Содбаатар оролцож, МИАТ компанийн хамт олонд шинэ онгоцтой болж буйд талархал илэрхийлээд,
“МИАТ” компанийн мэргэшсэн, чадварлаг хамт олон та бүхэн хамгийн сүүлийн үеийн
загварын Боинг 737-8МАХ агаарын хөлгөөр паркаа нэмэгдүүлж, агаарын тээврийн
түүхэнд бас нэгэн шинэ хуудас нээж байгаад салбарын хамт олны өмнөөс чин сэтгэлийн халуун
талархлаа илэрхийлье” гээд
агаарын тээврийн салбарт бүс нутагтаа тэргүүлэх хэмжээнд хүрч, олон улсад нэр
хүндтэй авиакомпаниудтай эн тэнцүү өрсөлдөх бизнесийн чадвараа дээшлүүлэх,
нислэгийн сүлжээгээ өргөжүүлэхэд Засгийн газар болон ЗТХЯ-ны зүгээс бодлогын
хувьд дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт
бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай зорчих боломжийг
бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй энэхүү агаарын хөлгийг авч ашигласнаар
“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгасан аялал
жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоод худалдааны тээврийн зардлыг бууруулах,
хугацааг багасгах, агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, Хөшигийн хөндийн
нисэх буудлыг бүс нутгийн зангилаа төв болгон хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд
чухал ач холбогдолтой юм гэдгийг онцоллоо.
шинэ хөлгөө хүлээн авсан ёслол дээр “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөртэй уулзлаа.
-“МИАТ”
компани агаарын шинэ хөлөгтэй болсноор нислэг болон зорчигчдын тоо хэд хэмжээгээр
нэмэгдэх боломжтой болж байна вэ?
-Манай компаниар
зорчигчдын тоо 2018 онд өнгөрсөн оныхтой харьцуулахад 16 хувиар нэмэгдсэн. Энэ
жил БНСУ-ын хоёрдогч тээвэрлэгч орж ирж өрсөлдөөн бий болох ч зорчигчдын тоо 7
хувиар нэмэгдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-“МИАТ” ХК АНУ-ын “Боинг” компанитай хэдийнээс шууд
харилцаж ажиллаж байна. Хамтарч ажиллах шууд гэрээ хийсний давуу тал, онцлог юу
вэ?
-Манай компани 2011 онд
“Боинг” компанитай шууд гэрээ хийж анх нэг “Боинг В767” болон хоёр ширхэг Боинг
В737”, нийт гурван хөлгийг шууд худалдан авснаар бидний хамтын ажиллагаа
эхэлсэн. Шууд гэрээний дагуу анхны онгоцуудыг худалдан авч байсан боловч улс
орны болон компанийн санхүүгийн хямралаас шалтгаалан дараагийн агаарын
хөлгүүдийг түрээсийн гэрээ хийн авч ирсэн юм. Өнөөдрийн шинэ онгоцыг сарын 400
гаруй мянган ам.доллараар мөн түрээсийн гэрээгээр авч байна. Өнөөдөр “МИАТ” компани
нийт долоон "Боинг” агаарын хөлөгтэй болж байна. Шууд хамтын ажиллагааны
онцлог нь бид түрээсийн төлбөрөө шууд төлж буй. Мөн тухайн сардаа төлж буйгаар
онцлогтой юм” гэв.
Тус компани агаарын хөлгийн тоог үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө дагуу “Боинг”, “Аволон” компанитай гурван талт хэлцэл хийж, дөрвөн ширхэг “Вoeing 737-8МАХ” агаарын хөлөг хүлээн авахаар болсны эхний онгоцоо ийнхүү өнөөдөр хүлээн авлаа.
Ёслолд АНУ-аас Монгол
Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр
хамаарагч ноён Мануэль П.Микаллер оролцож үг хэлсэн юм. Тэрээр, “МИАТ
компани “Боинг”-той шууд гэрээ хийн хамтран ажиллаж байгаа нь хоёр орны хооронд
тогтсон бат бөх бөгөөд улам өсөн нэмэгдэж буй эдийн засгийн харилцааны нэг тод
жишээ болж буй”-г онцлоод “Боинг”-ийн хөлгүүдээс бүх цаг үеийн туршид хамгийн
өргөн хэрэглэж буй нь В737 онгоц бөгөөд энэ удаа энэхүү шинэ онгоц нь сүүлийн
үеийн Америк технологийн дэвшлийг авчрахын сацуу “Боинг”-гийн хосгүй,
найдвартай чанар илүү олон нислэгийн хуваарьт цагтаа саадгүй нисэх нэг ёсны
баталгаа болж чадна. Энэ олон цагийн нислэгт АНУ та бүхний хамтрагч байна”
гэдгийг тэмдэглэж байлаа.
Тэрээр Монгол Улс шинэ
хөлгийг угтан авч буйд баяртай байгаа илэрхийлээд “Хэзээ нэгэн өдөр АНУ, Монгол
Улсын хооронд шууд нисч эхлэх хүсэл мөрөөдөлтэй байгаагаа хэлж байв. “Хөшигийн
хөндийн шинэ нисэх буудал ашиглалтанд орсны дараа бид АНУ-ын Холбооны агаарын
тээврийн захиргаа болон Тээврийн аюулгүй байдлын газрын байцаагч нарыг Монгол
Улсад авчран ажиллана. Бид Монгол Улсыг иргэний агаарын тээврийн олон улсын нэгдүгээр
ангиллаар гэрчилгээжүүлэх талаар замын зураг гаргана. Ингэснээр “МИАТ”
компанийн хувьд квот хуваах шинэ боломжуудыг нээж, улмаар ашиг орлого нэмэгдэж
шинэ ажлын байр бий болно.
Бид Монголын ИНЕГ-тай
хамтран Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын аудитад бэлтгэж эхэлсэн бөгөөд
энэхүү хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлж буй Монголын талд талархаж байна.
Агаарын аяллын шинэ холбоог бий болгож давтамжийг нэмснээр Монгол Улсын аялал
жуулчлал, цаашлаад давхар олон улсын худалдаа хөгжих асар их нөөц боломж
нээлттэй болж, дээрх салбаруудыг ийнхүү тэтгэснээр эдийн засгийн төрөлжүүлэх
бүхий л хүчин чармайлтыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ” гэдгийг тэмдэглэж
байлаа.
Хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглосон “Вoeing
737-8МАХ” агаарын хөлөг нь ижил
төрлийн онгоцнуудаас
түлшийг 14 хувиар
бага зарцуулдаг, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд
ээлтэй байдлаараа давуу талтайг
өнөөдрийн ёслол дээр танилцуулж байлаа. Мөн зорчигч гар утас, таблетээрээ Wifi сүлжээ
ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Hollywood-ийн кино, үзвэрээс
сонгон үзэх боломжтой аж.
“МИАТ” ХК өнөөдөр хүлээн авсан шинэ онгоцоо 12 жил түрээслэх бөгөөд хоёр дахь онгоцоо ирэх тавдугаар сард хүлээн авах юм. Ийнхүү паркаа сүүлийн үеийн агаарын хөлгүүдээр шинэчилснээр “МИАТ” ХК 2020 он гэхэд Ази тивдээ хамгийн шинэ онгоцуудтай иргэний агаарын тээвэрлэгч компани болох юм байна. Агаарын шинэ хөлөгтэй болсон энэ өдөр Монголын нисэгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн өндөр түвшинд хүрснийг олон хүн дурдаж байв.
“Вoeing
737-8МАХ” шинэ онгоцны давуу талууд:
- “Боинг-В737NG” загвартай харьцуулахад дуу чимээ 40 хувиар
багассан.
- Агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хий харьцангуй бага тул
байгальд ээлтэй тээврийн хэрэгсэлд тооцогддог.
- Бизнес 12, энгийн 150 суудалтай. Бизнес ангиллын суудал бүр дэлгэцтэйгээс гадна бүх зорчигч өөрийн гар утас, таблетаа ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй WiFi сүлжээгээр холбогдсон. Суудал бүр USB-тэй.
- Их биеийн онцлох өөрчлөлт шинэчлэлтүүд:
- Хөдөлгүүрийг шинэчлэн CMF LEAP-1B хөдөлгүүртэй болсон ба хөдөлгүүрийн хэмжээ томорсноор хүчин чадал сайжирсан.
- Сүүл болон далавчны дизайн шинэчлэн сайжирснаар аеродинамик үзүүлэлт нэмэгдсэн.
- Нисэгчийн бүхээг доторх хянах самбар дэлгэцүүд дэвшилтэт технологийн дэлгэцээр солигдсон.
- Дээрх өөрчлөлтүүдийн тусламжтайгаар нислэгийн алслалт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.
- Зорчигчдын тав тухыг хангах үүднээс бүхээгний гэрэлтүүлэг Sky Interier дизайнтай хийгдсэн.
Б.Болд
Гэрэл зургуудыг Т.Чимгээ