АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 2.25-2.5 хувьд хэвээр үлдээлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ 2.25-2.5 хувьд хэвээр үлдээлээ. Ийм шийдвэр гаргасан тухай тус сангийн удирдлагын хурлын дараа нийтэлсэн мэдээлэлд дурдсан байна.
“Дэлхийн эдийн засаг, санхүүгийн салбарт өрнөж буй үйл явдлуудыг харгалзан, инфляцын дарамтыг хязгаарлахын тулд ХНС цаашид бодлогын хүүгийн хэлбэлзлийг тодорхойлохдоо хүлээцтэй хандана” гэж мэдээлэлд дурджээ.
АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 2.25-2.5 хувийн түвшинд хэвээр үлдээх магадлал 100 хувь байсныг хүүгийн түвшний фьючерс гэрээ харуулж байжээ. Үүнээс гадна, “Bloomberg” агентлагийн санал асуулгад оролцсон 90 шинжээчийн 89 нь бодлогын хүүг хэвээр хадгална гэж үзэж байсан бол ердөө ганцхан шинжээч 2.5-2.75 хувьд хүргэж нэмнэ гэж таамагласан байна.
АНУ-ын ХНС 2016 оны эцсээр бодлогын хүүгээ 0.25-0.5 хувиас 0.5-0.75 хувьд хүргэж нэмж байсан бөгөөд энэ нь 2008 оноос хойш өсгөсөн хоёр дахь тохиолдол аж. Америкийн санхүүгийн зохицуулагч ийм шийдвэр гаргаснаа ажилгүйдэл, инфляцын түвшнийг бууруулах, мөн 2016 онд ДНБ-ий өсөлтийг дэмжих зорилготой холбон тайлбарлаж байв. 2017 онд бодлогын хүүг гурван ч удаа нэмсэн бөгөөд оны эцсээр 1-1.25 хувьд хүргэсэн байна. Харин өнгөрсөн онд дөрвөн удаа өсгөсөн нь гуравдугаар сарын 21-нд 1.5-1.75 хувьд, зургадугаар сарын 13-нд 1.75-2 хувьд, есдүгээр сарын 26-нд 2-2.25 хувьд 12 дугаар сарын 19-нд 2.25-2.5 хувьд хүргэжээ.