АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхээр болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-26 10:40:21

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилж буй Засгийн газрын түр зогсолтыг дуусгаж, холбооны агентлагуудыг гурван долоо хоногийн турш санхүүжүүлэх тухай хэлэлцээг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп дэмжсэн байна.


Урьд нь Д.Трамп хананы санхүүжилт багтаагүй ямар ч төсөвт гарын үсэг зурахгүй гэж мэдэгдэж байсан хэдий ч энэхүү баримт бичигт Мексикийн хилийн дагуу хана барих 5.7 тэрбум ам.долларын санхүүжилт багтаагүй ажээ.


Баасан гарагийн орой Сенат болон Төлөөлөгчдийн танхим Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээх хуулийн төслийг санал нэгтэйгээр баталсан байна.


Энэхүү санал хураалтын дараа Д.Трамп “Твиттер” хуудсандаа, хананы асуудлаар харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй хэдий ч Засгийн газрын түр зогсолтын улмаас шаналж буй олон сая хүнд анхаарал хандуулах хэрэгтэй байна гэж бичжээ.


Д.Трамп юу гэж хэлсэн бэ?


АНУ-ын төрийн тэргүүн цагаан ордонд үг хэлэхдээ, хоёрдугаар сарын 15 хүртэл Засгийн газрыг санхүүжүүлэх хэлэлцээрийн талаар танилцуулах гэж буйдаа баяртай байна хэмээгээд, “Агуу эх орончид” хэмээн нэрлэж байсан холбооны байгууллагын ажилтнуудын цалинг буцаан олгохоор болсон гэжээ.


Мөн тэрбээр, товлосон хугацаанд Конгрессын гишүүдтэй зөвшилцөлд хүрч чадахгүй бол улс даяар онц байдал зарлаж магадгүйгээ илэрхийлсэн байна. 

Связанные новости