Тереза Мэй "Б төлөвлөгөө"-гөө танилцуулсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /RIA Novosti/. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй даваа гарагт парламентад үг хэлэхдээ, “Brexit”-ийг шинэ нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх ямар ч “Б төлөвлөгөө”-г танилцуулаагүй бөгөөд зөвхөн Европын Холбоотой /ЕХ/ цаашид хийх хэлэлцээ, мөн цаашид авч хэрэгжүүлэх алхамуудтай холбоотой асуудалд илүү нээлттэй байхаа амлажээ.
ЕХ болон сайд нарынхаа танхимтай хэлэлцэн зөвшилцсөн "Brexit"-ийн гэрээг Их Британийн парламент өнгөрсөн долоо хоногт батлаагүй билээ. Гишүүдийн олонх нь баримт бичигт сэтгэл дундуур байсан бөгөөд 202 нь дэмжиж, 432 нь эсэргүүцсэн юм. Уг гэрээг “хатуу нөхцөлтэйгөөр” "Brexit"-ийг хэрэгжүүлэхийг дэмжигчид төдийгүй эсэргүүцэгчид ч шүүмжилсэн. Хэрэв өөрт нь итгэл үзүүлбэл Засгийн газар “Б төлөвлөгөөг” нэгдүгээр сарын 21-нд танилцуулж, хэлэлцүүлэг болон санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд явуулна гэж Мэй санал хураалтын дараа мэдэгдсэн юм.
Гэвч Мэй Их Британийг ЕХ-ноос гарах үйл явцыг 2019 оны гуравдугаар сарын 29-ноос хойшлуулах нь үр ашиггүй бөгөөд энэ нь гэрээ байгуулахгүйгээр "Brexit"-ийг хэрэгжүүлэх хувилбарыг үгүйсгэхгүйд хүргэж, асуудлыг зөвхөн даамжруулна, бүх нийтийн санал асуулгыг дахин явуулахыг эсэргүүцэж буйгаа, ЕХ-ноос гарах мэдэгдлийг хүчингүй болгох нь ард түмний хүсэл зоригийг зөрчсөн явдал болно зэрэг өмнө нь хийж байсан мэдэгдлүүдээ давтжээ.