Ангела Меркель Японд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-11 10:03:24

БЕРЛИН. /NHK/. Германы Канцлер Ангела Меркель Япон улсад ирэх хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн хоёр хоногийн айлчлал хийх төлөвтэй байна. Энэ тухай Германы Канцлерын ойрын эх сурвалжууд мэдээлэв.


2016 онд Японд зохион байгуулсан “Их 7”-ийн дээд хэмжээний уулзалтаас хойш А.Меркелийн тус улсад хийж буй анхны айлчлал энэ болох юм.


Эх сурвалжуудын мэдээлснээр, А.Меркель Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй Герман-Японы харилцааг өргөжүүлэх хамтын ажиллагааны талаар хэлэлцэх төлэвтэй байгаа ажээ. Мөн ирэх оны зургадугаар сард “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг Япон улсад зохион байгуулах гэж буйтай холбогдуулан эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэх юм байна.


Ирэх гуравдугаар сард Их Британи Европын Холбооноос гарах гэж буйтай холбоотойгоор талууд мөн санал бодлоо солилцох ажээ. А.Меркель айлчлалынхаа хүрээнд Японы эзэн хаантай уулзаж магадгүй гэж эх сурвалжийн мэдээнд тэмдэглэсэн байжээ. 

Связанные новости