Шатахууны хямралд автсан мексикчүүдэд дугуй унахыг уриалав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММЕХИКО. /RIA Novosti/. Мексик улсын нэгэн хотын эрх баригчид ард иргэддээ дугай унах эсвэл явган явахыг уриалжээ. Тус улсын нийслэл хотод бүх шатахуун түгээх станцын /ШТС/ дөрөвний нэгт нь түлш нийлүүлэлт тасалдсан байна. Universal сонинд мэдээлснээр, одоогийн байдлаар Мексикийн 10 муж шатахууны хомсдолд ороод байгаа аж.
Мехико хотын захирагч Клаудиа Шейнбаумын мэдээлснээр, лхагва гарагийн өглөө нийслэл хотын 400 ШТС-ын 103 -т нь шатахуун нийлүүлэлт саатсан боловч ойрын хугацаанд хэвийн нийлүүлж эхэлнэ.
Харин Мичоакан мужийн нийслэл хотын дарга Рауль Морон Ороско хотын иргэдэд хандаж явган явах эсвэл унадаг дугуй унахыг уриалсан байна. Үүнээс гадна, Мехико хотын дагуул хот болох Несауалькойотльд 250 орчим цагдаа шатахуун байхгүйн улмаас унадаг дугуйгаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа аж.
Мехико хотын оршин суугчдын ярьж байгаагаар, нийслэл хотын ШТС-уудад урт дараалал үүсч, жолооч нар 30 минутаас хоёр хүртэл цаг дараалалд зогсч байгаа бол хэд хэдэн мужид шатахууны худалдан авалтад хязгаар тогтоожээ.
Шатахууны нийлүүлэлтэд асуудал үүссэн гэдгийг Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор лхагва гарагт хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр сандралд автахгүй байхыг ард иргэддээ уриалсан байна. Шатахууны хулгайгаас зайлсхийхийн тулд байдал хэвийн болтол нефтийн бүтээгдэхүүн дамжуулах хоолойн үйл ажиллагааг сэргээх бодолгүй байна гэж Мексикийн Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
Дамжуулах хоолойнуудаас шатахуун хулгайлдаг гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд газар доорх хэд хэдэн дамжуулах хоолойгоо хааснаа Мексикийн төрийн мэдлийн нефть, хийн Pemex компани урьд нь мэдэгджээ. Одоо тус улсад шатахууныг цистерн машинаар ШТС-уудад түгээж байгаа бөгөөд энэ нь нийлүүлэлтэд түр зуурын саатал үүсгэжээ.
Шатахуун, түлшний хомсдол үүсээгүй бөгөөд эрэлт хэрэгцээг хангах хангалттай хэмжээний нөөц бий гэж Pemex компани мэдэгдсэн байна.