Бразилын ЭСЯ-ыг Иерусалим руу нүүлгэн шилжүүлнэ гэдгээ мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразил улсын Элчин сайдын яамыг /ЭСЯ/ Иерусалим руу нүүлгэн шилжүүлэх нь цаг хугацааны асуудал гэж тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жаир Болсонару Израилийн төлөөлөгчидтэй уулзахдаа мэдэгджээ. Энэ тухай Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Рио-де-Жанейро хот дахь еврейчүүдтэй ням гарагт уулзахдаа мэдэгдсэн байна.
“Асуудлын гол нь Бразилын ЭСЯ-ыг Иерусалимд нүүлгэн шилжүүлэх эсэхэд бус харин хэзээ нүүлгэн шилжүүлэх вэ гэдэгт оршиж байна гэж Болсонару нададтай уулзахдаа мэдэгдлээ” хэмээн Нетаньяху онцлон тэмдэглэжээ.
Тэрбээр Жаир Болсонаругийн тангараг өргөх ёслолд оролцохоор баасан гарагт Бразилд хүрэлцэн очсон бөгөөд түүнтэй хоёр талын уулзалт хийсэн байна.
Хоёр орны удирдагчдын уулзалтын гол сэдэв нь Өмнөд Америкийн тус улсын ЭСЯ-ыг Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлэх асуудал болох төлөвтэй байсан юм. Болсонару сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ийм амлалт өгч байжээ. Гэвч энэ асуудлаарх албан ёсны мэдээллийг нийтлээгүй байна.