Венесуэлд улс төрийн хэчнээн хоригдол байгааг мэдээлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-27 12:28:05
КАРАКАС. /TASS/. Наад зах нь 278 хүн улс төрийн хоригдлын хувиар Венесуэлийн хорих газруудад байгаа тухай “Венесуэлийн эрүүгийн форум” хэмээх хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллага Le National сониныхоо цахим хуудсанд мэдээлжээ.

Тус байгууллагын тооцоолсноор, 10 дугаар сард Венесуэлд 230 гаруй хүнийг улс төрийн зорилгоор хорьж байсан байна. 2017 оны 12 дугаар сард улс төрийн хоригдол 380 орчим байсан тухай тус улсын парламентын мэдээлэлд дурджээ.

Венесуэл улсад сүүлийн хэдэн жил нийгэм-эдийн засгийн хурц хямрал нүүрлэснээр хүнс, эмийн хомсдол үүсч, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш эрс унаад байгаа юм. Тус улсын парламентын санхүүгийн байнгын хорооны мэдээллээс үзвэл, энэ оны нэгдүгээр сараас 11 дүгээр сарын хооронд үнийн өсөлт 702 мянган хувь болсон бол жилийн дундаж үзүүлэлт 1.29 сая хувьтай байна.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар болон Цагаачлалын асуудлаарх олон улсын байгууллагын тооцоолсноор, Венесуэлийн 3 сая гаруй иргэн эх орноо орхин гарчээ. Хүн амын гадагш чиглэсэн урсгал одоогийн байдлаар үргэлжилбэл тус улсын цагаач, дүрвэгчдийн тоо 2019 оны эцэс гэхэд 5.3 саяд хүрнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Гэвч улс оронд нь хүмүүнлэгийн хямрал нүүрлэсэн болохыг Венесуэлийн Засгийн газрын хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Связанные новости