Автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл цахим халдлагад өртөж болзошгүй талаар судална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-12-24 14:11:54

ТОКИО. /NHK/. Автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл цахим халдлагад өртөж болзошгүй талаар Японы цагдаагийн газрын ажилтнууд судалгаа хийхээр төлөвлөж байна. Ирэх оны дөрөвдүгээр сараас санхүүгийн жил эхлэхтэй зэрэгцэн уг судалгааны ажлыг эхлүүлнэ хэмээн тус улсын Үндэсний цагдаагийн газраас мэдээлжээ.


Японы Засгийн газар 2020 он гэхэд хурдны замуудад бүрэн автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл удирдахыг жолооч нарт зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд дээрх төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.


Автомат жолоодлогыг зөвшөөрөх тухай шинэчилсэн заалтыг замын хөдөлгөөний хууль тогтоомжид оруулах тухай төслийг Үндэсний цагдаагийн газрын мэргэжилтнүүд хэдийнэ боловсруулжээ.


Үүнд, энэ төрлийн тээврийн хэрэгслүүдийн газрын зураг болон замын хөдөлгөөний мэдээллийг гэмт этгээдүүд цахим сүлжээнээс олж авч, программ хангамжид нэвтэрсэн тохиолдолд хакердуулах хийгээд цахим халдлагад өртөх өндөр эрсдэлтэйг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэжээ. Уг судалгааны ажилд 63 мянган ам.долларыг хуваарилсан байна.


Автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг онилон цахим халдлага үйлдэх эрсдэл болон аюул заналтай тэмцэх нь цахим аюулгүй байдлын салбарын тулгамдсан асуудлуудын нэг болсон юм. 

Связанные новости