“Хезболлах” хөдөлгөөнд хориг тавихыг Б.Нетаньяху уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-20 11:53:28

ИЕРУСАЛИМ. /Anadolu/. Израил-Ливаны хилийн дагуу хонгил ухаж буй Ливаны “Хезболлах” хөдөлгөөнд хориг тавихыг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху НҮБ-д уриалав.


Удахгүй зохион байгуулах НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг угтан Б.Нетяньяху лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ, Аюулгүйн зөвлөлийг үнэн мөн, энх тайван, аюулгүй байдлын төлөө зогсож, шаардлагатай арга хэмжээг авна хэмээн найдаж байна гэжээ.


Израилын Ерөнхий сайд энэхүү мэдэгдлийг хийснээс хойш Ливаны Засгийн газар болон “Хезболлах” хөдөлгөөний аль аль нь мэдэгдэл хийгээгүй байна.


Энэ сарын эхээр Израилын цэргүүд "Хезболлах" хөдөлгөөний босогчдын ухсан хонгилыг олж илрүүлсэн ба энэ нь “Умардын бамбай” ажиллагааны үр дүн юм.


Уг ажиллагааны зорилго нь Израилын нутаг дэвсгэрт нэвтрэн орохын тулд босогчдын ухсан газар доорх хонгилуудыг олж устгах бөгөөд одоогийн байдлаар дөрвөн хонгил илрүүлээд байгаа ажээ.


Өнгөрсөн долоо хоногт Израилын өдөр тутмын “Haaretz” сонинд мэдээлснээр, хонгил ухсан хэрэгт холбогдуулан "Хезболлах" хөдөлгөөний босогчдод хориг тавих тухай Израилын хүсэлтийг АНУ-ын тал хүлээж аваагүй байна.

Связанные новости