Ливанчууд Засгийн газраа эсэргүүцэн жагсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-19 12:02:34
БЕЙРУТ. /RIA Novosti/. Үнэ төлбөргүй эмчилгээ хийхээс татгалзсаны улмаас нэгэн палестин хүү нас барсны дараа Ливанд Засгийн газрыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал цуглаан болсон байна.

Гурван настай Мохаммад Вахба гэдэг хүү яаралтай тархины мэс засал хийлгэх шаардлагатай бөгөөд мэс заслын өртөг 25 мянган ам.доллар ажээ. Гэвч эцэг эх нь энэ төлбөрийг хийх боломжгүй тухай урьд нь мэдээлжээ. Хүү комд орсон боловч эмчилгээний төлбөрийг хийх чадваргүйн улмаас эмнэлэг хүлээж авахаас татгалзсан байна.

Эхлээд Ливаны хойд нутагт оршдог Триполи хотын захын палестин дүрвэгчдийн хуаранд жагсаал цуглаан болжээ. Дараа нь хэдэн зуун хүн Триполи хотын төв талбайд Ливан болон Палестины далбааг барин жагсцгаасан байна. Идэвхтнүүд эсэргүүцлийн ажиллагааг нийгмийн сүлжээнүүдээр шууд дамжуулж байжээ. Жагсаал цуглаанд оролцогсод эрх баригчдыг шударга бус нийгмийн тогтолцоонд буруутган Засгийн газрыг эсэргүүцсэн уриа лоозон хашгирч байсан байна. Дараа нь хэсэг бүлэг залуус машины дугуйны хамеруудыг замууд дээр шатаажээ. Эсэргүүцлийн ажиллагаа болсон газарт цэргүүдийг татсан байна. Тэд жагсагчдыг тарааж байгаа нь дүрс бичлэгүүдийн нэгд харагджээ.

Үүнээс гадна, Ливаны нийслэл Бейрут хотод жагсаал цуглаан болсон байна. Идэвхтнүүд Хамра гудамжаар жагсаж, Рияд ас-Солх талбайд оршдог Засгийн газрын ордны дэргэд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ. Ливаны Дотоод аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчдыг бүслэн хааж, улмаар жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан байна.

Бейрут хотод мөн өнгөрсөн ням гарагт Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал болсонд үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон зүүний хөдөлгөөний идэвхтнүүд оролцжээ. Эсэргүүцлийн ажиллагаанд 5000 гаруй хүн оролцсон байна. Ливанд эдийн засаг болон улс төрийн хямрал болж байгаа бөгөөд тус улсын удирдлага тавдугаар сараас хойш Засгийн газраа эмхлэн байгуулж чадаагүй байгаа аж.
Связанные новости