Дональд Трамп сэтгүүлчдэд зориулсан зул сарын баярын хүлээн авалтыг цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэл мэдээллийнхэнд зориулан Цагаан ордонд жил бүр зохион байгуулдаг зул сарын баярын хүлээн авалтыг цуцалж, Вашингтоны уламжлалыг эвджээ. Энэ тухай телевизийн Fox компани пүрэв гарагт мэдээлсэн байна. Үүнтэй адил мэдээлэл дараа нь Америкийн хэд хэдэн хэвлэлд гарчээ.
Сэтгүүлчдэд зориулсан хүлээн авалтыг цуцалсан гэх мэдээллийг Цагаан ордныхон нотолжээ. “Энэ жил хэвлэлийнхэнд зориулсан зул сарын үдэшлэгийг хуваарьт оруулаагүй. Гэхдээ бид Цагаан ордны баярын засал чимэглэлийг үзэж сонирхохыг хүссэн сэтгүүлчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн хүсэлтийг биелүүлнэ” гэж Цагаан ордны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Өнгөрсөн жил Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа гэргий Меланьягийнхаа хамт Цагаан ордны үйл ажиллагааг байнга сурвалжилдаг сэтгүүлчдэд зориулж зул сар-шинэ жилийн хүлээн авалтыг зохион байгуулсан байна. Гэсэн хэдий ч АНУ-ын тэргүүн хатагтай уригдсан зочидтой хамт зургаа авахуулахаас татгалжээ.
Трамп зарим сэтгүүлчийг “ардын дайсан” гэж нэг бус удаа мэдэгдсэн билээ. Үүнээс гадна, тэрбээр 2017, 2018 онд Цагаан ордны дэргэдэх Сэтгүүлчдийн холбооны уламжлалт хүлээн авалтад оролцохоос татгалзжээ. Төрийн тэргүүн оролцдог уламжлалтай уг хүлээн авалтыг АНУ-ын 30 дахь Ерөнхийлөгч Калвин Кулижийн /1923-1929/ үеэс хойш зохион байгуулж байгаа аж.