Гүржийн ерөнхийлөгчийн сонгуульд Зурабишвили ялалт байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТБИЛИСИ. /РИА
Новости/. Гүржийн ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигч
Саломе Зурабишвили ялалт байгуулсан тухай тус улсын Сонгуулийн төв комисс
мэдээлсэн байна.
Саналын хуудсыг бүрэн тоолж, дууссаны дараах байдлаар Зурабишвили 59,2 хувийн
санал авсан бол сөрөг хүчний эвслээс нэр дэвшигч Григол Вашазе 40,8 хувийн
санал авчээ.
Сонгуулийн төв комиссын мэдээлснээр, Зурабишвилийг 1,1 сая гаруй хүн
дэмжсэн бол Вашазег 780 мянган хүн дэмжжээ. Урьдчилсан мэдээллээр,
сонгуулийн ирц 56,23 хувьтай байсан аж. Энэ тоонд хилийн чанадад байгаа сонгогчид
ороогүй байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байх бөгөөд тангараг өргөх ёслол ирэх сарын 16-нд болох юм байна.
Зурабишвили нь 1952 онд Парис хотод цагаачдын гэр бүлд төржээ. 2004-2005 онд тэрбээр
Гүржийн гадаад хэргийн сайдын албан
тушаалыг хашиж байжээ. 2005 оны 11 дүгээр сард Зурабишвили “Гүржийн зам” сөрөг
хүчний намыг үүсгэн байгуулсан байна. Түүнийг Франц болон Гүржийн давхар иргэншилтэй байсны
улмаас 2013 онд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээс татгалзаж байсан бөгөөд улмаар тэрбээр ерөнхийлөгчийн
сонгуульд оролцохоор энэ оны 8 дугаар сард Францын иргэншлээсээ татгалзсан байна.