Дональд Трамп болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж нар хоёр талт уулзалт хийхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-11-28 10:37:44

ВАШИНГТОН. /Xinhua/. Удахгүй Аргентинд зохион байгуулах “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Сальман нар хоёр талт уулзалт хийхгүй гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мягмар гарагт мэдээлэв.


Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Болтоны мэдэгдсэнээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн хоёр талт уулзалт хийх тоо гүйцсэн аж. Гэсэн хэдий ч Д.Трамп болон М.Сальман албан бусаар уулзахыг тэрбээр үгүйсгээгүй байна.


Д.Трамп Аргентинд айлчлах үеэрээ Аргентин, БНСУ, Турк, ОХУ-ын төрийн тэргүүн нар болон Японы Ерөнхий сайд нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байгаа ажээ.


“АНУ-ын төрийн тэргүүний Шинзо Абэтэй хийх уулзалтын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой гурван талт уулзалт хийж магадгүй” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх нэмж хэлсэн байна. 

Связанные новости