Амьдрал нь сайжирна гэдэгт итгэдэг оросуудын тоо цөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. Оросуудын дийлэнх олонх нь амьдралдаа сэтгэл хангалуун, улс орныхоо өнөөгийн байдлыг нааштайгаар үнэлж байгаа боловч ирээдүйд байдал илт сайжирна гэж найддаггүй болохыг Бүх оросын санаа бодлыг судлах төвөөс өнгөрсөн сард явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогсдын 63 хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 60 хувь, харин 2016 онд 46 хувь байжээ. Өдгөө оросуудын 58 хувь нь амьдрал нь ерөнхийдөө сайн байна гэж үзэж байгаа бол 16 хувь нь эсрэг бодолтой байна.
Үүний сацуу, судлаачид нийгмийн өөдрөг үзлийн түвшин буурч байгааг ажигласан байна. Санал асуулгад оролцогсдын ердөө дөрөвний нэг нь жилийн дараа гэхэд гэр бүл нь одоо байгаагаасаа илүү сайхан амьдарна гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 33 хувь байв. Байдал улам дордоно гэж мөн л 25 хувь нь үзжээ. Өнгөрсөн онд ийм бодолтой хүмүүс 13 хувийг эзэлж байсан байна. Харин санал асуулгад оролцогсдын 40 хувь нь амьдралд нь ямар нэг томоохон өөрчлөлт гарахгүй гэж хариулжээ. Нийгмийн өөдрөг үзлийн ерөнхий индекс 40 хувьтай байгаа нь 2017, 2016 оныхоос /63, 51 хувь/ буурсан үзүүлэлт аж.
Эдийн засгийн байдлын үнэлгээний ерөнхий индекс мөн өнгөрсөн оны 59 хувиас 43 хувь болж буурсан байна. Санал асуулгад оролцогсдын 70 хувь нь улс орны эдийн засгийн байдлыг нааштайгаар үнэлсний 13 хувь нь сайн эсвэл маш сайн гэж үзсэн бол 27 хувь нь сөрөг үнэлгээ өгчээ. Үүнээс гадна, улс төрийн байдлын үнэлгээний индекс буурсан байна. Таван хүний нэг нь буюу санал асуулгад оролцогсдын 21 хувь нь Оросын улс төрийн байдлыг сайн, 53 хувь нь дунд зэрэг, 18 хувь нь муу гэж үнэлжээ. Өнгөрсөн онд санал асуулгад оролцогсдын 30 хувь нь улс төрийн байдлыг сайн гэж үзэж байсан бол 12 хувь нь муу үнэлгээ өгч байжээ.