Тереза Мэйн Засгийн газрын задрал: “Brexit”-ийн улмаас гурван сайд огцров

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-16 10:05:47

ЛОНДОН. /Interfax/. Их Британид “Brexit”-ийн асуудлаарх гэрээтэй санал зөрөлдсөний улмаас гурван ч сайд огцорлоо.

 

Лхагва гарагт Умард Ирландын асуудал эрхэлсэн сайд Шейлеш Вара хамгийн түрүүнд огрохоо мэдэгдсэн байна. Түүний дараа “Brexit”-ийг хариуцсан сайд Доминик Рааб огцрохоо мэдээлжээ. Тэрбээр Ерөнхий сайд Тереза Мэйд явуулсан илгээмждээ мөс чанар нь гэрээг дэмжихийг зөвшөөрөхгүй байна гэдэг тайлбарыг хийсэн байна. “Нэгдүгээрт, Умард Ирландтай залгаа хилийг зохицуулахад санал болгож буй журам нь Нэгдсэн Вант улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой аюул занал учруулна гэж үзэж байна. Хоёрдугаарт, Их Британийг Европын Холбооноос /ЕХ/ гарах боломжид хориг тавих эрх тус холбоонд үлдэж байгаа хүрээнд би гэрээг дэмжиж чадахгүй” гэж Доминик Рааб цохон дурджээ.

 

Огцрохоо мэдэгдсэн дараагийн сайд бол Хөдөлмөр болон тэтгэврийн асуудал эрхэлсэн сайд Эстер Маквей юм. Түүний хэлснээр, Brexit”-ийн асуудлаарх гэрээний одоогийн төсөл Тереза Мэйн анх тавьж байсан шалгуурыг хангахүй байна.

 

Арваннэгдүгээр сарын 14-нд Их Британийн сайд нарын танхим таван цаг хуралдсаны эцэст Brexit”-ийн асуудлаарх гэрээний төслийг баталсан юм. Энэ алхам нь Лондонд урагш ахих боломж олгох бол баримт бичиг өөрөө Их Британийн ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэж Тереза Мэй хурлын дараа мэдэгджээ.

 

Үүний сацуу, Мэй нэр хүндээ хэдийнэ алдсан бөгөөд “Brexit”-ийн асуудлаар үүргээ биелүүлэх чадваргүй болсон гэдэгт Их Британийн сөрөг хүчний Лейборист намын “сүүдрийн” засгийн газрын тэргүүн Жон Трикетт итгэлтэй байгаа аж.

 

“Засгийн газар задран унаж байна. Энэ бол гэрээ бидний нүдний өмнө сүйрч байна гэсэн үг” гэж тэрбээр “Twitter” дэх хуудастаа бичжээ. Түүний нам баримт бичигт оруулах хэд хэдэн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, парламентаар хэлэлцүүлэхийн өмнө бэлэн болгоно гэж Жон Трикетт амласан байна. 

Связанные новости