Осолдсон “Boeing”-ийн хар хайрцгийн мэдээллийг авч чаджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /RIA Novosti/. Осолдсон “Boeing 737” нисэх онгоцны хар хайрцгийн мэдээллийг Индонезийн Тээврийн ауюлгүй байдлын хороо Австралийн мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр авч чадсан тухай “Detik” цахим хуудсанд мэдээлжээ.
Хар хайрцагт зорчигч тээврийн уг нисэх онгоцны хамгийн сүүлийн нислэгийн мэдээллийг оруулаад 69 цагийн нислэгийн бичлэг байгаа аж.
Индонезийн агаарын тээврийн “Lion Air” компанийн “Boeing 737” нисэх онгоц өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн өглөө Жакарта хотоос Суматра арлын ойролцоох нэгэн арал руу ниссэнээсээ 13 минутын дараа Баруун Явагийн эрэг хавийн бүсэд далайд унаж сүйрсэн билээ. Нисэх онгоцны сэгүүд далайн ёроолын томоохон хэсэгт 30-40 метрийн гүнд байгаа аж.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Осолдсон нисэх онгоцыг 2018 онд үйлдвэрлэсэн бөгөөд өнгөрсөн наймдугаар сараас нислэг үйлдэж эхэлжээ. Индонезийн аврагчдын мэдээлснээр, ослын үеэр амьд үлдсэн нэг ч хүн байхгүй байна. Уг онгоцоор багийн гишүүдийг оруулаад 189 хүн зорчиж явжээ.
Хар хайрцагуудын нэгийг шумбагчид 11 дүгээр сарын 1-нд олж илрүүлсэн байна.
Хоёр дахь хар хайрцаг болон зорчигчдын цогсыг хайх ажиллагааг гурав хоног сунгажээ.