АНУ холбоотнуудтайгаа зөвлөлдсөөр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /RIA Novosti/. Ойрын болон дунд зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээтэй холбоотой асуудлаар АНУ-ын эрх баригчдын холбоотнуудтайгаа хийж буй зөвлөлдөөн үргэлжилсээр байгаа тухай Пентагоны тэргүүн Жеймс Маттис мэдэгджээ.
“Бид чадах бүх зүйлээ хийлээ. Дипломатууд бүхий л хүчин чармайлтаа гаргасаар байна. Бид энэ асуудлаар НАТО-гийн Зөвлөлд мэдээлэл хийсэн. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Гадаад хэргийн яамны түншүүдтэйгээ хэлэлцүүлэгт нэгдлээ. 12 дугаар сарын 4-нд болох НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын гол сэдэв нь энэ асуудал байх болно гэж бодож байна” хэмээн Маттис АНУ-ын нийслэл Вашингтон хотод Энх тайвны хүрээлэнд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Ойрын болон дунд зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээний эргэн тойронд үүссэн асуудлуудыг шийдэх гарцыг олохын тулд АНУ “боломжтой бүхнийг хийхийг хичээж байна” гэж Пентагоны тэргүүн хэлжээ. Бид холбоотнуудтайгаа маш нягт хамтран ажиллаж, тэдэнтэй хийх зөвлөгөөнөө үргэлжлүүлнэ гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
ОХУ зөрчиж байгаа учир АНУ Ойрын болон дунд зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээнээс гарахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп урьд нь мэдэгдсэн билээ. Тэрбээр мөн уг гэрээнд Хятад улсыг нэгтгэх ёстой гэж үзэж байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн
дарга Дмитрий Песков үүний хариуд мэдэгдэхдээ, Москва илүү нарийн тайлбар
АНУ-аас авахыг хүсч байна гэжээ. Тэрбээр мөн пуужин устгах тухай гэрээний заалтуудыг өөрчлөх
нь Орос улсыг аюулгүй байдлаа хангах арга хэмжээ авахад хүргэнэ гэдгийг
мэдэгдсэн байна.