Телеки Кристина: Түүхэн баримтын бүртгэлийг цахимжуулах ажил хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГАУлаанбаатар /МОНЦАМЭ/. XXI зуун гарсаар Унгар улс дахь монгол судлал улам өргөжиж, судалгаа шинжилгээний ажил хүрээ тэлсээр байгаа билээ. Хэл бичиг, түүхийн ухаан, соёл судлал, угсаатны зүй зэрэг салбар ухаанаар Монголч эрдэмтдийн залгамж үе болсон залуу монголч судлаачид олноороо төрөн гарч байна. Тэдний нэг нь Телеки Кристина Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Төв-Ази судлалын тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг бөгөөд энэ онд Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн ба Олон улсын монгол судлалын холбооны урилгаар Монгол Улсад ирж судалгаа хийж буй юм. Дэлхийд монгол судлал үүссэний 200 жилийн ой тохиож буйтай холбогдуулан монгол судлаач залуу эрдэмтдийн төлөөлөл болсон түүнтэй уулзаж ярилцлаа.
-Анх Монголд хэдэн онд ирж
судалгааны ажлаа хийв дээ, Монголыг сонирхон судлах
болсон талаар яриагаа эхлэх үү?
-Би Унгар улсын Будапешт хотын их сургуульд
1996 онд төвд хэлний ангид орсон. Эхлээд төвд хэл, тухайн орны соёлыг сурч
эхэлсэн. Энэ үед манай сургуульд “Төвд, Монгол хэл соёлын анги” гэж байлаа. Улмаар хуучин монгол бичиг, халх аялгууг маш их сонирхож сурч эхэлсэн. Гуравдугаар курст байх үед оюутны солилцоогоор Монголд ирэх боломж тохиож 1999 оны
3 дугаар сард анх Монгол Улсад хөл тавьсан. Ингээд Төвд, Монгол соёлын онцлог нь бурханы шашин учраас сонирхон судалж эхэлсэн. Уг нь бид Монголд
дөрвүүлээ ирсэн юм. Тухайн үед монголчууд биднийг орос гэж бодоод жаахан
дургүйцэж байсан тал бий. Учир Монголын нийгэм одоог бодвол хаалттай байсан.
Гэхдээ хөдөө судалгааны ажлаар явахад нутгийн иргэд цайлган цагаан сэтгэлтэй, зочломтгой сайхан хүлээж авсан. Мөн бидний ажилд МУБИС-ийн багш, Хийдийн лам нар их тус болдог байлаа. Тэгээд нэг л мэдэхэд би Монголд хайртай болчихсон. Анх Монголд
ирээд 5 сарын турш судалгааны ажлаа хийсэн. Хархориныг үзэж, Дорнод, Сэлэнгэ, Орхон /Эрдэнэт/, Дархан-Уул /Дархан/, Сүхбаатар хотод очсон. Мөнгө багатай оюутнууд Чойр хүртэл галт
тэргээр зорчиж байлаа. Тэр үеэс хойш Монголд 15 удаа ирсэн байна.
-Унгарт байхдаа монгол хэл,
бичгийг хэрхэн судалж байв. Анх ирэх үедээ монголоор ярьдаг байсан уу?
-Монголд ирэхээс өмнө жилийн хугацаанд монгол
хэл, бичиг сурсан. Их эрдэмтэн Б.Ринчен гуайн хүргэн Хар Дорж бидний
удирдагч багш байлаа. Мөн түүний шавь одоо Олон улсын Монгол судлалын
ерөнхийлөгч, Унгар дахь “Монгол судлалын төв”-ийн дарга Бирталан Агнеш багшаар
орчин цагийн монгол хэлийг заалгасан. 2002 онд МУБИС-д монгол хэлний ангид орж
Ц.Өнөрбаян, академич Д.Төмөртогоо нарын багшаар монгол хэлийг
лавшруулан заалгасан даа. Гэхдээ энд ирэхээс өмнө зөвхөн монгол хэл
гэлтгүй, монгол ёс заншил, соёлын тухай судалж үзсэн. Тухайлбал, бөө мөргөл, монголын
түүх, Төв Азийн монгол, өвөг Монгол, Сяньби, Торгоны замын тухай
хичээлээр үзэж байсан маань надад их хэрэг болсон.
-Монголд очиж үзээгүй аймаг бий юу?
-Увс, Баян-Өлгийд очиж үзээгүй. Бусад бүх аймгаар явсан. Гэхдээ үлдсэн хоёр аймагтаа очиж үзэхээр төлөвлөсөн байгаа.
-Судалгааны гол чиглэл тань юу вэ, судлах явцад юу ажиглагдав?
-2001 оноос хойш Зүүн хүрээ Дашчойлин хийдэд
судалгаа хийсэн. Урьд нь МУИС-ийн урилгаар хэд хэдэн удаа зочин судлаачаар
ирж байсан. МУИС-ийн гадаад оюутны байр Дашчойлин хийдийн хажууд байрладаг
учраас хамба лам нь бидний судалгааг зөвшөөрсөн. Харин сүүлийн хэдэн
жил ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулууны урилгаар ирдэг
боллоо. Одоогоор бид хамтарч “British Library” буюу Англи улсын үндэсний номын
сангийн төсөл дээр ажиллаж байгаа. Уг төсөл маань “ШУА-ийн Түүх, археологийн
хүрээлэнгийн түүхэн баримтын бүртгэл” хэмээх 3000 гаруй үгтэй түүхийн баримт каталогийг цахимжуулах
ажил юм. Түүхийн хүрээлэнгийн ажилтнууд хуудасны зургийг нь авч би өөрөө англи
хэлнээ орчуулж интернетэд байршуулах ажлыг хийж байна. Ингэснээр ирэх
жилээс дэлхий даяар хүн бүр чөлөөтэй үзэх боломжтой болно. Баримтуудын уг эх нь
алга болсон, ихэнх нь 1940-өөд онд хийсэн хуулбарууд байгаа. Зарим хуудас нь
үнгэгдэж, чанар муутай болсон учир байнга Түүхийн хүрээлэнгээс гаргах боломжгүй
байдаг. Тиймээс ч цахим хэлбэрт оруулбал судлаачид хүртэл ажил үүргээ чөлөөтэй
явуулах нөөц болож бүрдэх бүрдэх юм.
-Та докторын зэргээ ямар
сэдвээр хамгаалсан бэ?
-2004-2007
онд МУЗ, Гандантэгчэнлин хийдтэй хамтран хэрэгжүүлсэн
“Монголын сүм хийдийн түүхэн товчоон” төсөлд оролцож хот, хөдөөгийн сүм хийдийн
судалгаа хийсэн. Ингэхдээ Монголын бүх аймгаар 6 багт хуваагдаж
судалгааны ажил хийсэн. Хуваарилагдсан багт маань миний найз Майер Жүжа гэдэг
Унгар судлаач, Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнжинлин дацангийн лам Энхбаатар, нэг жолооч байсан.
Манай баг Улаанбаатар, Өвөрхангай, Дундговь, Төв аймгийн
нутгаар явж
1937 оноос эхэлж нураасан сүм хийдийн
туурийг үзэж, нарийвчилсан судалгаа хийсэн. Мөн одоо үйл ажиллагаа явуулж буй,
дахин сэргээсэн болон шинээр байгуулагдсан дугануудыг судалсан. Түүний зэрэгцээ
нутгийн өндөр настай лам нар, хөгшчүүдээс ярилцлага авдаг
байсан. Ингээд энэ бүх ажлаа нэгтгэж гаргасан. Би Богдын хүрээний сүм дугануудын талаар докторын зэргээ гардаж хамгаалсан.
-Монголд хичнээн
сүм хийд байснаас хэдийг нь нурааж, буцаан сэргээсэн талаар тоо баримт суадлгааны явцад гарсан байх?
-Монголд бурханы шашин 3 удаа дэлгэрсэн гэж Монголын
шашин судлаачид тэмдэглэж үлдээсэн байдаг. Харин XX дугаар зууны эхээр Монголд
бурхны шашин маш хүчтэй дэлгэрч байсныг тухайн үед бидний хийж байсан
судалгаанаас үзэж болно. Мөн эрдэмтэн Б.Ринчен гуайн “Угсаатны зүйн атлас”-т
1000 гаруй хүрээ хийдийн газрыг тэмдэглэсэн байдаг. Тэр газрын зургийн дагуу
бид явж, замдаа нутгийн хүмүүсээс хийдийн туурь, хуучин хүрээ хийд хаана буйг
асууж лавласаар олж очдог байлаа. Ингээд бид Өвөрхангай, Дундговь, Төв аймгийн
урд хэсгээр явж нийт 150 гаруй хуучин хүрээ хийд, туурийг олж тэмдэглэсэн.
Харин эдгээр аймагт 40-өөд шинэ хийд байгуулсан байна лээ. Их эрдэмтэн Б.Ринчен
гуай Улаанбаатарын 50, 60 дуганыг оруулаад нийт 940 гаруй хийдийг
нэрлэсэн байдаг. 2007 оны төслийн үр дүнд 1100 гаруй шашны байгууллага
байсан гэдгийг тогтоосон. Ингээд нийт хэдэн шинэ дуган байсныг
Гандантэгчэнлин хийдэд мэдүүлсэн. Тэндхийн судлаачид одоо ч цааш нь үргэлжлүүлэн
судалж байгаа.
-Монголд энэ удаа нэлээн удаан хугацаагаар ирээд байгаа юм байна. Ямар судалгааны ажил хийж байна вэ?
-Өнгөрсөн 4 дүгээр сараас хойш дээр дурдсан Английн үндэсний номын сангийн төсөл дээр ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын өндөр настай лам нараас авсан ярилцлагын хоёр номыг монгол хэлээр гаргана. Нэг нь миний найз Майер Жүжатай хамтран хийсэн ярилцлага, нөгөөх нь миний өөрийн авсан ярилцлага. Би өөрийнхөө ярилцлагуудыг англи хэлээр орчуулж байгаа.
-Нийт хичнээн судалгааны
бүтээл, эрдэм шинжилгээний өгүүллэг бичсэн бэ?
-Одоогоор өөрийн хийсэн судалгааны бүтээлээр 3 ном гаргасан. Нэг нь “Богдын хүрээний сүм дуганууд” англи
хэлээр гарсан нь бий. Үүнийг ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун ивээн тэтгэж
2012 онд хэвлүүлсэн. 2013 онд судлаач Жүжа найзтайгаа хамтарч Заяын хүрээний
тухай номоо хэвлэн гаргасан. Мөн Монголын дахин сэргэсэн цам бүжгийн тухай бүтээлийг DVD
сонсох хэлбэрээр хийсэн. "Богдын хүрээний өв соёлын гарын авлага" хэмээх ном 2015 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн ба Олон улсын монгол судлалын хүрээлэнгийн дэмжлэгээр гарсан. Эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл, магистрын
ажил гээд 50 гаруй бүтээл бас бий. Харин монгол хэлээр одоо хүртэл ном бичээгүй. Дэлхийд
Монгол Улс бурханы шашинтай гэдгийг мэддэг хүмүүс ховор. Тиймээс гадаад
судлаачид англи хэлээр бичдэг. Монголчууд ч сүүлийн үед англи хэлийг сайн сурч
байгаа учраас гадаад судлаачдын номыг унших боломжтой гэж үздэг. Тиймдээ ч
англи хэлээр ном бүтээлээ хэвлүүлдэг.
-Унгарт Монгол судлалын төв
нээсэн. Тэнд хичнээн багш, оюутан монгол хэл, соёлыг судалж байна вэ?
-Хамгийн сайхан зүйл бол 2014 онд Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Будапешт хотноо Өтвөш Лорандын нэрэмжит их
сургууль /ELTE/-ийн “Монгол ба Төв Ази судлалын тэнхим”-д Монгол судлалын төвийг
нээсэн. Раакош Атилла гэдэг залуу бид хоёр судалгааны төвд эрдэм шинжилгээний
ажилтнаар ажилладаг. Унгарын Монгол судлалын төвийн үйл ажиллагааг зарим тохиолдолд Монгол, Унгар улс ивээн тэтгэдэг. Монгол Улсын Ерөнхий сайдын
дэргэд Монгол судлалын үндэсний зөвлөл, Монгол судлалыг дэмжих сан байгуулсанд маш их талархаж байна. ELTE төвийн Монгол ба Төв Азийн тэнхим нийт 60 гаруй
оюутантай. Тэнхимийн даргаар Бирталан Агнеш багш ажиллаж байна. Мөн Balog Matias ба Монгол Улсаас
монгол хэлний нэг багш ажилладаг.
-Унгарын монгол судлал европ төдийгүй дэлхийн томоохон судалгааны төвд тооцогддог. Европын орнуудаас Монголын тухай хамгийн их судалсан улсын тэргүүн эгнээнд Унгарын эрдэмтдийн бүтээл туурвил ордог. Дэлхий дахинд монголчуудыг судлах нь улам гүнзгий болж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Анх монголч эрдэмтэн Лигэти Лайош багш Өвөрмонголын сүм хийдүүд, Афганистанд амьдардаг Монголчуудын дунд судалгаа хийснийхээ дараа манай их сургуульд “Монгол ба Төв Азийн тэнхим”-ийг байгуулсан. Түүний шавь нар болох нэрт монголч эрдэмтэн Көхалми Каталин, Кара Дьөрдь /Хар Дорж/, Рона-Таш Андраш нар 20 гаруй настай оюутан байх үедээ 1957 онд Б.Ринчен гуайн урилгаар Монголд ирсэн байдаг. Үүнийг Унгарчуудын анхны хээрийн судалгаа гэж үздэг. Түүнээс хойш Хар Дорж багш Монголд байнга ирж очих болсноор монголын алдартай яруу найрагч, сэхээтнүүдтэй танилцан хот хөдөөгүүр явж судалгаа хийдэг байсан. Лигэти багш бурханы шашныг сонирхохоос гадна унгар, монгол, турк хэлний харилцааг судалсан. Мөн манай унгар хэлэнд баатар-батор, ихэр-икэр, үхэр-үкэр гэхчлэн 300 гаруй ижил үг бий. Тиймээс ч хоёр улсын гэрээний дагуу багш, оюутан, судлаачид солилцоогоор хөдөө явж судалгаа хийх болсон. Бид уламжлалын дагуу хээрийн болон Монголын бурханы шашныг өнөөг хүртэл судалж байна. Унгарын монгол судлалыг дэлхийн олон монголч эрдэмтэд сайн гэж үнэлдэг. Ер нь дэлхий даяар монгол судлал олон улсад хөгжсөн. Тухайлбал Оросын Санкт-Петербург, Хятадын Хөх хот, Европын улсуудаас социализмын үеэс Чех, Польш, Унгарт өндөр хөгжсөн байдаг. Мөн Швейцарь, Франц, Германы Бонн, Берлин хот болон Английн Кембрижийн их сургуульд антропологчид ажилладаг бол Францад Монголын соёлын өвийн нарийвчилсан судалгаа хийдэг. Харин Чех, Унгар, Польшийн төв хэсэгт монгол судалгаа, хэл шинжлэл, сурвалж бичиг, шашны судалгааг голдуу хийдэг.
-Унгарын монгол судлал
бусад орнуудаас юугаараа ялгаатай вэ?
-Унгарын монгол судлалын хувьд төстэй тал
нь бид ч адилхан нүүдэлчин соёлтой хүмүүс. Унгар гэдэг нэр Венгри,
англиар Hungary нь Хүннүчүүдтэй холбоотой. Хүннүчүүд Азиас анх V-VI зуунд Унгарчуудын байрладаг газарт нэг гүрэн улс байгуулсан түүх бий. Дараа нь
Мажаарууд IX зуунд Уралын нуруунаас нүүдэллэн ирсэн. Гэхдээ өмнө хаана
байсан нь тодорхойгүй. Унгарчууд өөрсдийгөө ази гаралтай гэж үздэг. Ер нь
Унгарчуудын түүхийг сөхвөл олон зууны тэртээгээс нүүдэлчин хүмүүс байсан нь
тогтоогддог. Бид 1000 жилийн тэртээгээс Унгар улсад суурьшин Христийн шашин
шүтэх болсон ч өмнө нь азийн нүүдэлчидтэй адил бөөгийн шүтлэгтэй, эсгий
гэрт аж төрдөг байсан. Тиймээс нүүдэлчин амьдралын нэгээхэн хэсгийг туулж ирсэн
Унгар улсын сонирхлыг нүүдлийн давтагдашгүй хэв маягийг өнөөг хүртэл хадгалсаар
буй монгол орон татах нь мэдээж.
-Та бурханы шашин судлаач, харин хувь хүнээрээ ямар шашин щүтдэг
вэ?
-Эмээ маань Христийн шашинтай. Гэхдээ социализмын үед хориотой байсан л даа. Тухайн үед аав, ээж маань сүмд чөлөөтэй очиж чаддаггүй байлаа. Харин би сүүлийн 20 жилийн турш бурханы шашныг судалж байгаа учраас бурхан багшийн сургаалийг шүтдэг болсон. Гэхдээ өөрийгөө бурханы шашин шүтдэг гэж 100 хувь хэлж чадахгүй. Учир нь манайд Христийн шашинтай холбоотой зул сарын баяр болдог. Тэр үед аав ээж, гэр бүл, хамаатан садантайгаа хамт байх хэрэгтэй. Тиймээс Христийн сургаалийг буруу гэж бас хэлж чадахгүй.
-Монголд
газар дээр хүн зоны дунд нь ороод судалгаа хийхэд ямар санагдав. Ямар нэгэн хүндрэл
бэрхшээл тохиолдож байвуу?
-Монголд өвөлдөө хүйтэн байдаг. /инээв/ Би өмнө хоёр ч удаа энд өвөлжсөн, энэ жил бас өвөлжинө.
Хээрийн ажил хийхэд сэдвээсээ хамаарч
хүрээ хийдийн судалгаагаа зун явуулдаг. Гэхдээ Монголын малчдын аж амьдралыг
судалдаг америк хүмүүс өвөл, зуныг нэг их хамааралгүй судалгаагаа хийдэг юм
билээ. Өөр нэг зүйл гэвэл Монголын Үндэсний номын санд судалгаа хийхэд жаахан
хүндрэлтэй. Яагаад гэвэл үнэт ховор баримтыг чөлөөтэй авч, гараараа барих
хориотой байдаг. Гандантэгчэнлин хийдэд мөн судалгаа хийхэд хэцүү. Тэнд олон
зуун жилийн настай, монголын бурхан шашны хамгийн нандин шүтээн, судар бичгүүд
хадгалагддаг. Шашин шүтлэгийн газар учраас зураг авах хориотой нь жаахан
хүндрэлтэй.
Гэхдээ Монголд тодорхой
сэдвээр судалгаа хийх нь амархан, харин ерөнхий маш өргөн сэдвээр судалгаа хийх
нь хэцүү. Сайн тал нь гэвэл бидний судалгааг нутгийн хүмүүс маш баяртай хүлээн
авдаг. Хээрийн судалгаанд явах надад их таалагддаг. Хотод бол харин тэс өөр
байдал ажиглагддаг. Улаанбаатараас ихэнх хүмүүс зуны улиралд хөдөө, орон нутаг
руугаа явчихдаг учраас албан газар, музейд тухайн цаг үеэр судалгаа хийх боломжгүй шахуу. Тиймээс Улаанбаатарт судалгаа хийвэл 9 дүгээр сараас 4 дүгээр сар
хүртэл хамгийн тохиромжтой. Бусад үед
тухайн албан газрын жижүүр, тэнд буй ажилтнууд нь “Хариуцдаг хүн нь байхгүй,
дараа ирээрэй” гэх нь бэрхшээлтэй санагддаг.
Таалагддаггүй хэдэн зүйл байсан. 1999 оны үед нийгэм жаахан хаалттай байсан болоод ч тэр үү залуучууд нь ингэж гар барьж явдаггүй байсан. Мөн зураг авахуулах дургүй, “гадаад хүн яах гэж явна, хулгай хийх гэж байна уу” гэх зэргээр харддаг байсан. Одоо харин монголчууд гадны хүмүүсийг сайхан хүлээж авдаг болсон. Хоёрдугаарт гэвэл монголчууд ёстой цаг барьдаггүй хүмүүс. Гэхдээ би бас заримдаа Монголд удаан хугацаагаар судалгаа хийж байх явцдаа өөрөө ч хааяа цаг барихаа болиод байна шүү. /инээв/
-Монголд
хэр олон найз нөхөдтэй болсон бэ?
-Дашчойлин хийдийн М.Нандинбаатар гэдэг лам найз бий. Бид хоёр 20 жил нөхөрлөж байна. Мөн миний судалгаанд тусалдаг лам нар, ШУА-ийн Түүх, Археологийн
хүрээлэнгийн судлаач найзууд бий.
-Залуу
монголч судлаачийн хувьд монголын залуус түүх соёлоо хэрхэн авч явах
ёстой гэж бодож байна вэ. Монгол судлалаар
суралцах гэж буй залуусын сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж
үздэг вэ?
-Өөрийн улсын үүх түүхийг сонирхдоггүй монгол
хүн гэж байхгүй. Миний бодлоор монгол залуус удирдагч багшийнхаа зөвлөсний
дагуу, сонирхсон чиглэлээрээ судалгаа хийх хэрэгтэй гэж боддог. Мөн багш нар нь
туршлага дээрээ суурилан оюутнууддаа зөвлөгөө өгч, гадаад улсуудтай харилцаатай
байлгах нь сайн талтай. Монголын залуу судлаачдад зөвлөхөд жишээ нь нэг дисертацийн гол агуулгын тухай бичлээ гэхэд англи хэлээр бичвэл сайн. Тиймээс англи хэл сурах нь илүү чухал. Зарим
гадаад судлаачид хуучин монгол бичиг мэдэхгүй, орчин цагийн монгол хэлэнд сайн биш учир англиар бичвэл илүү гадагшаа хүрэхэд дөхөм болно.
-Манай
улсын төрөөс монгол судлалын салбарт хэр анхаарал хандуулж байна гэж боддог вэ?
-Миний бодлоор маш сайн
анхаарч байна. Монгол судлалын үндэсний зөвлөлөөр дамжуулан санхүүгийн туслалцаа
үзүүлж Герман, Польш, Унгар, Австралид шинээр байгуулагдаж байгаа монголын судалгааны төвүүдийг дэмждэг.
Унгарт нэг ном гаргахад маш үнэтэй. Харин ШУА,
Олон улсын монгол судлалын холбоо зэрэг байгууллага бүтээл хэвлүүлэх
болоход улсын төсвөөс мөнгө өгч байна. Мөн 2015 оноос хойш Унгарт хоёр жил
тутамд Монголын бурханы шашны тухай олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион
байгуулах болсон. Анхны хуралд 60, хоёрдугаар хуралд 90 гаруй судлаач, лам нар оролцсон. Мөн ирэх жил 4 дүгээр сард болох III их хурлыг “Монголын бурхан шашны уламжлал ба шинэчлэл”
сэдвээр зохион байгуулах бөгөөд Олон улсын монгол судлалын холбоо болон Монгол судлалын үндэсний зөвлөлөөс санхүүгийн
дэмжлэг үзүүлэхээр болсон. Бид үүнд баяртай байгаа.
Ярилцсан Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал