Ираны газрын тос экспортлох боломжийг хязгаарлахгүй байхыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-26 10:19:26

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Ираны газрын тос экспортлох боломжийг хязгаарлах нь түлш шатахууны үнэд сөргөөр нөлөөлнө гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ойлгох хэрэгтэй гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Нью-Йорк хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Тэрбээр энэ тухайгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлснийхээ дараа мэдэгдсэн байна.

“Хэрвээ тэрбээр сайтар бодвол газрын тосны үнийг бууруулахын тулд Иран газрын тосоо худалдах боломжтой болох нь тустай байна гэдгийг ойлгох болно. Ингэх нь газрын тосны үнэд хийгээд дэлхий дахинд тустай байх юм” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна.  

Ираны хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж байгаагаа Д.Трамп өнгөрсөн 5 дугаар сард зарласан юм. Үүнтэй холбоотойгоор АНУ ирэх 11 дүгээр сарын 4-нд эхлэн эрчим хүчний хориг арга хэмжээг сэргээн авч хэрэгжүүлэх замаар Ираны газрын тосны орлогыг тэглэх бодолтой байгааг Төрийн Департаментын төлөвлөлтийн хэлтсийн захирал Брайан Хук өмнө нь мэдэгдэж байжээ. 

Э.Аянзаяа 

Связанные новости