Өвлийн улиралд хүүхдийг хурдан морь унуулахгүй байхыг ОУБ дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын суурь 8 болон бусад 17 конвенцид нэгдэн орсон. Хөдөлмөрийн яам, ОУХБ-аас өнөөдөр дээрх конвенцуудын хэрэгжилтийн тайлагналтыг сайжруулах семинарыг Туушин зочид буудалд зохион байгуулав.
Манай улс ОУХБ-д 1969 онд гишүүнээр элссэн байна. Ингэснээр уг байгууллагаас гаргаж байгаа олон улсын конвенциудад нэгдэн орох, хэрэгжүүлэх үүрэг хүлээжээ. Аливаа конвенцийг хэрэгжүүлэхийн тулд дотоодын хууль, тогтоомжид конвенцийн үзэл санааг тусгах, хуулийн хэрэгжилтийг хангах үүргийг Засгийн газар хүлээдэг аж. Монгол Улс конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор хууль, тогтоомжууддаа өөрчлөлт оруулж байгаа хэдий ч хэд хэдэн бэрхшээл тулгамдаж байгаа талаар Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алимаа семинарын үеэр хэллээ.
Тэрбээр, “Хорих ял эдэлж байгаа хэрэгтнүүдээр албадан хөдөлмөр эрхлүүлэх, бага насны хүүхэд хөдөлмөр эрхлэх зэрэг хэд хэдэн асуудал бий. Энэ бүхэн нь ОУХБ-ын Албадан хөдөлмөр эрхлэлтийг хориглох болон Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг устгах конвенцтэй зөрчилдөж байгаа юм. Тиймээс ОУХБ-ын Хөдөлмөрийн хяналтын конвенцид нэгдэн орохоор төлөвлөж байна. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтэд тавих төрийн хяналтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх боломж бүрдэх юм” хэмээв.
Хөдөлмөрийн яамнаас ОУХБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд иргэдийн аюулгүй, эрүүл орчинд ажиллах боломжийг хангах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцог илтгэлтээ дурьдав.
Тэрбээр, “Хөдөлмөрийн сайд “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг баталсан. Уг жагсаалтаар жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэл бага насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн гурван талт Үндэсний хорооны дэргэдэх Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт дэд хороо байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү дэд хороо нь Монгол Улсын нэгдэн орсон болон нэгдэх конвецийн талаар хэлэлцэж, Засгийн газарт зөвлөмж хүргүүлэх чиг үүрэгтэй юм.
Хөдөлмөрийн хуулийг шинэчлэн найруулж, Олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхах, хүүхдийн хөдөлмөрийг устгах, албадан хөдөлмөр эрхлэлтийг хориглохтой холбоотой зохицуулалт хийж байна. Цаашид нэгдэн орсон конвенцийг хэрэгжүүлэх чиглэлд бодлогоо чиглүүлэн ажиллах болно” гэлээ.
Харин ОУХБ-ын Монгол, Хятад улсыг хариуцсан товчооны захирал Тим дэ Мэйэр, ОУХБ баталсан конвенциудаа хэрэгжүүлэхэд 3 зүйлийг чухалчилж байна. Нэгдүгээрт, хүүхдийн хөдөлмөр. 18-аас доош насны хүүхдээр ёс суртахуун, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх ажил хийлгэхгүй байх ёстой. Тухайлбал, Монголд морь унаач хүүхдийн асуудал байна. Хурдан морины уралдаан бол Монголд олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн. Гэхдээ бид уламжлалаа хамгаалах нэрээр бага насны хүүхдүүдийг мориноос унаж бэртэх, амиа алдах зэргээр хохироож болохгүй. Саяхан Хөдөлмөрийн сайд өвлийн урилад хүүхдээр морь унуулахгүй байх шийдвэр гаргасан нь хүүхдийн хөдөлмөрийг устгах чиглэлээр хийсэн томоохон ажил болсон гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Нэг төрлийн ажилд ялгаварлгүйгээр цалин олгох. Тухайлбал, эмэгтэйчүүд олноор ажилладаг салбар цалин бага байдаг. Тиймээс үүнийг эрэгтэйчүүдтэй ижил цалин өгдөг болох хэрэгтэй.
Гуравдугаарт, Албадан хөдөлмөр эрхлэлт. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд олон жил болж байна. Зах зээлийн нийгэмд иргэн байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр цалин авч ажилладаг. Ямар нэгэн дарамт шахалт, сүрдүүлгээр ажил хийж болохгүй. Монгол Улсад хорих ангид ял эдэлж байгаа хоригдлууд албадан хөдөлмөр эрхлэх тохиолдол бий.
Мөн гадаадаас ирж буй хүмүүс эрүүл, аюулгүй байдал нь бүрэн хангагдаагүй орчинд хөдөлмөр эрхэлж байна. Энэ бол зөвхөн Монголд бус дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудал. Тиймээс гадаадаас ирж буй ажиллах хүчний орчин нөхцлийг ч сайжруулах шаардлагатай байна” гэв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ