Шатахууны үнэ 80-150 төгрөгөөр буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-28 12:47:51

Газрын тосны газраас Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл, Архангай аймагт шатахууны үнийг 100-150 төгрөгөөр буурсан талаар өнөөдөр болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Шатахууны үнэ өсөхөд хилийн үнэ, татвар, төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлт болон импортлогч байгууллагын үйл ажиллагааны зардал голлон нөлөөлдөг.

2014 оны 8 сараас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газар, Уул уурхайн яам шатахууны онцгой албан татварт өөрчлөлт оруулах замаар алслагдсан бүс нутгийн шатахууны үнийг Улаанбаатар хотынхтой адил болгох зорилт тавин ажилласан. Үүний үр дүнд өнгөрсөн оны 12 дугаар сараас шатахууны жижиглэнгийн үнийг баруун бүсэд 10-400 төгрөгөөр, зүүн бүсэд 10-230 төгрөгөөр буурчээ. Ингэснээр алслагдсан бүс нутгийн шатахууны үнэ нийслэлтэй ижил түвшинд хүрсэн юм. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд ч шатахууны үнээ 80-150 төгрөгөөр бууруулсан хэмээн УУЯ-ны Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэн хэллээ.

Улсын хэмжээнд энэ сарын сарын 26-ны байдлаар ердийн хэрэглээний 50 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Тухайлбал, А-80 автобензин 66, Аи-92 автобензин 55, дизелийн түлш 51, ТС-1 29 хоногийн нөөцтэй байгаа юм.

Ч.Ариунболд

Связанные новости