“Гэр бүл- эрүүл мэнд” өдөрлөгийн нээлтийг онлайнаар зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 12:16:45

Хөвсгөл аймгийн ЭМГ-аас 2016 оныг “Гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Таны эрүүл мэнд-Таны гарт” уриан дор эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сурталчлах “Гэр бүл-Эрүүл мэнд” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. 

Тус арга хэмжээг аймгийн Эрүүл мэндийн газраас харъяа анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд сум, өрхийн Эрүүл мэндийн төв болон аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төвтэй онлайнаар холбогдон шууд нэгэн зэрэг дамжуулсан юм.

Нээлтийн үеэр Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга  Монгол Улсын  хүний гавъяат эмч Л.Дамдинсүрэн хэлсэн үгэндээ “Хөвсгөл аймаг 2016 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн газраас 2016 оныг “Гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлалаа. Иргэн бүрийн үүрэг оролцоо, өөрийн эрүүл мэндэд тавих анхаарал хариуцлага чухал юм. Бид “Таны эрүүл мэнд - Таны гарт” уриан дор энэ нэрлэсэн ажлыг зохион байгуулж байгаа утга, зорилго үүнд чиглэж байна. Энэхүү нэрлэсэн жилийн нээлт болгож “Гэр бүл-Эрүүл мэнд” өдөрлөгийг аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд нэгэн зэрэг онлайнаар холбогдож мэдээлэл солилцож байгаа нь аймаг орон нутагтаа төдийгүй улс орны хувьд анхдагч болж түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж чадлаа” гэж онцлон тэмдэглэж байлаа. 

 Б.Гантуяа

 

 

Связанные новости