АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Иран улсыг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-30 08:06:27
ЭР-РИЯД. /Ройтерс/. АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иран улсыг “террористуудыг дэмжиж байна” гэж шүүмжилж, Ираны гол өрсөлдөгч Саудын Арабыг бүрэн дэмжихээ илэрхийлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
 
Саяхан Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон М.Помпео анхны айлчлалаа АНУ-ын холбоотнуудын нэг Саудын Арабад өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн байна. Тэрбээр өчигдөр Саудын Арабын хаан Салманд бараалхаж, Гадаад харилцааны сайд Адель аль-Жубиертай хэлэлцээ хийжээ.

Хэлэлцээний дараа М.Помпео хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Иран улс Ойрхи Дорнодын байдлыг бүхэлд нь тогтворгүй болгож, террорист бүлэглэлүүдийг дэмжиж байна” гэжээ.

Саудын Араб нь бусад улсын хамтаар иргэний дайнтай байгаа Йемений засгийн газрын талыг дэмжин сөрөг хүчнийхнийх нь эсрэг ажиллагаа явуулж байгаа билээ.
 
М.Помпео хэлэхдээ “Иран улс Йемений босогчдод пуужингийн технологи болон зэвсгүүд нийлүүлж байна. Йемений босогчид бараг өдөр бүр пуужин харван Саудын Арабын энгийн номхон иргэдийн аюулгүй байдалд аюул заналхийлж байна”гэжээ.

Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Иран болон дэлхийн зургаан гүрний хооронд 2015 онд байгуулсан хэлэлцээрээс ирэх сарын эхээр улсаа гаргаж магадгүй гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэг бус удаа цухуйлгаад байгаа юм.
 
Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд АНУ тэргүүтэй зургаан улстай байгуулсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ