Катар Йемен рүү хуурай замын цэргүүдээ илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-08 13:34:34

ДОХА. /АР/. Катар улс Йеменд анх удаа цэргүүдээ байрлуулжээ.

Хуягт тээврийн хэрэгслүүд болон нисдэг тэргүүдтэй 1000 цэрэг Йемений Мариб мужийг зорьсон гэсэн мэдээлэл байна.

Өнгөрсөн долоо хоногт Марибын баазад Саудын Арави тэргүүтэй Арабын улсуудын эвслийн 60 цэрэг амь үрэгдсэн юм.

Тодруулбал, Йемений лалын босогчдын “Хусит” бүлэглэлийнхэн Арабын Нэгдсэн Эмирт Улсын 45, Саудын Аравийн 10 болон Бахрейны таван цэргйг хөнөөсөн билээ.

НҮБ-ын мэдэгдсэнээр, энэ оны гуравдугаар сарын сүүлээр тус эвсэл агаараас цохилт өгч, хуурай замаар цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш 4500 гаруй хүн, тэдний дотор 2110 иргэн амь үрэгджээ.

Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигийн эрх мэдлийг сэргээхийн тулд тус улс руу эвслийн улсууд хэдэн мянган цэрэг илгээсэн гэж үзэж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд