“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-24 15:17:40

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Шинэ сэргэлтийн бодлогын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.


“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж, оролцогчдыг уялдаа, зохион байгуулалтаар хангаж ажиллах чиг үүргийг Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвд хариуцуулж, шаардагдах нэмэлт зардлыг энэ оны төсөвт зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгав.


Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын хөдөлмөрийг хорших, малчдын хоршоог олноор байгуулах, хоршоодыг төрөөс дэмжих, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан эрхлэх нь зүйтэй гэж үзэж  “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг боловсруулжээ.


Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

 

Холбоотой мэдээ