Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-04-22 08:16:16

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Байгаль орчноо хамгаалж, эх дэлхийгээ хайрлах зорилготой “Олон улсын эх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна.


Жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг дэлхий даяар "Эх дэлхийн өдөр" хэмээн тунхаглаж, 2009 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейгаас “Олон улсын эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг албан ёсоор гаргасан юм.

Эл өдөр олон нийтийн анхаарлыг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, танин мэдэх, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгарч буй асуудлуудад хандуулдаг.


Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд дэлхий даяар найман тэрбум тонн хуванцар үйлдвэрлэсэн бөгөөд үүний 90.5 хувийг дахин боловсруулаагүй, байгаль дэлхийд шингэж байна. Эрүүл, аюулгүй дэлхий дээр амьдрахыг хүсвэл хуванцрын үйлдвэрлэлийг дор хаяж 60 хувиар бууруулах шаардлагатай. Тиймээс дэлхийн 193 орны нэг тэрбум хүн энэ жил эл өдрийг “Хуванцар ба эх дэлхий” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Харин манай улсад Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубийн гишүүд “Earthday-2024” өдөрт нэгдэж, “Эрүүл аюулгүй эх дэлхий” уулзалтаар монгол орны нөхцөл байдлыг ярилцах юм.

Хогоо ангилан хаяж, эрчим хүч, цэвэр усаа хэмнэн, мод тарих нь эх дэлхийгээ хайрлаж, дэлхийн дулаарлыг багасгахын тулд оруулж буй хувь нэмэр юм.

Иргэд даавуун уут биедээ авч явж, гялгар уутнаас татгалзах, унадаг дугуй унах эсвэл алхах, хуванцар нэг удаагийн соруулаас татгалзах, усны саваа биедээ авч явах, бусдыг уриалах зэргээр эх дэлхийгээ хайрлах энгийн алхмуудыг хийх боломжтой.

Холбоотой мэдээ