ТӨВ: Хөдөө аж ахуйн корпорацитай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-19 16:51:03

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Төв аймаг, Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит ХХК-тай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогтсаран нар гарын үсэг зурсан юм.

 


Санамж бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, Хүнс экспортлогч улс болох зорилтыг хангах, Төв аймгийн Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид, малчид, фермер, тариаланчдаа дэмжих зорилгоор байгуулсан байна.  

 

Хамтын ажиллагааны хүрээнд талууд нөөц боломж, давуу талаа ашиглан хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, салбарын тогтвортой өсөлтийг хангах ажлуудыг төлөвлөн гүйцэтгэхээр санамж бичигт дурджээ.

 

Мөн Хөдөө аж ахуйн корпорациас Төв аймгийн сумдад хэрэгжиж байгаа сүүний кластер фермүүдийн үйл ажиллагааг дэмжин цэвэр үүлдрийн гунжин үнээг үнийн уян хатан нөхцөлөөр олгохоор болсон байна.  

 

Холбоотой мэдээ