LSST дуран авайн 3.2 гигапикселийн камерыг угсарч дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-04-04 17:49:34

ТАКСОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /TASS/. АНУ-ын Оптик ба хэт улаан туяаны судлалын одон орны үндэсний лабораторийн (NOIRLab) инженерүүд дэлхийд хамгийн хүчирхэгт тооцогдох 3.2 гигапикселийн нягтаршилтай камерыг угсарч дуусжээ. Энэхүү камерыг Орчлон ертөнцийн хамгийн тод нарийвчилсан зургийг авах, харанхуй энерги, хар материйг судлах зорилгоор LSST сансрын дуран авайд суурилуулах юм. 


Уг камер нь 25 км-ийн зайд буй гольфийн бөмбөгийг харж болохоор нарийвчлалтай ажээ. Түүнчлэн Сарнаас хэд дахин том голчтой, сансар огторгуйн өргөн уудам орон зайг ажиглах боломжтой. “Энэхүү камер нь бидэнд олон тэрбум од, галактикуудыг ажиглан харж, Орчлон ертөнцийн нууцыг тайлах боломжийг олгоно” гэж АНУ-ын Үндэсний хурдасгуурын лабораторийн профессор Аарон Рудман ярилаа. 


3 тн жинтэй, хэмжээгээрээ суудлын автомашинтай дүйцэхүйц аварга том оптоэлектроник төхөөрөмж болох энэ камерын урд линзний голч нь 1.5 м бөгөөд хавтгай бөгөөд гөлгөр гэрэл мэдрэгч нь 10 микрон пикселийн голч бүхий 201 ширхэг CCD-матриц төхөөрөмжөөс бүрддэг ажээ.


Эрдэмтэд камерын төсөл зургийг гаргах, зохион бүтээх, угсрах, шалгахад 20 гаруй жил зарцуулсан бөгөөд камерыг LSST дуран авайд суурилуулж холбосны дараа дор хаяж 10 жил ажиллана гэж тооцоолжээ. Энэ хугацаанд хар матери, харанхуй энергийн шинж, мөн чанар, түүнчлэн дэлхийгээс хамгийн хол орших галактикийн бөөгнөрлүүдийн талаар хосгүй мэдээллүүдийг цуглуулна. Тодруулбал, Орчлон ертөнц дэх алс холын биетүүдийн гэрлийг бидэнд ойрхон орших том галактикууд хэрхэн хугалж байгааг хэмжих ажээ. Эдгээр хэмжилт нь Орчлон ертөнцөд матери хэрхэн тархаж байгааг тооцоолох, түүний тархалт цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөнийг судлахад чухал ач холбогдолтой. Үүнээс гадна Нарны аймгийн астероидууд, тэдгээрийн дотор дэлхийд аюул учруулж болзошгүй биетүүдийн каталогийг эмхэтгэн гаргахад ашиглахаар төлөвлөж байна.


LSST дуран авайн тухайд

LSST бол Чили улсын Серро-Пачон уулын орой дээр угсарч буй газар дээрх хамгийн том судалгааны дуран авай юм. Уг дуран авай нь 8.4 метрийн голчтой үндсэн том толь, 5 м ба 3.4 м-ийн голчтой хоёр том туслах тольтой бөгөөд 50 Нар, Сартай тэнцэхүйц хэмжээний орон зайг дурандах чадалтай аж. 


LSST-г угсарч суурилуулах ажил 2015 оны дөрөвдүгээр сард эхэлсэн бол хар матери гэж байдгийг анх нээсэн хүмүүсийн нэг болох Вера Рубиний нэрэмжит Одон орон судлалын төвийг 2019 онд байгуулжээ. Дуран авайг анхандаа энэ оны сүүлчээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан боловч коронавирусний цар тахал болон бусад нөхцөл байдлын улмаас 2025 оны наймдугаар сар хүртэл хойшлуулжээ.





Холбоотой мэдээ