ТИКА-гаас 1200 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2024-04-01 18:45:15

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/ нь жил бүрийн, уламжлалт хүмүүнлэгийн үйлсийнхээ хүрээнд энэ жил 1200 өрхөд хүнсний тусламж үзүүллээ.


Монгол Улсад  ТИКА-гаас боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй зэрэг олон салбарт 900 гаруй төсөл хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээрийн нэг нь зорилтот бүлгийн иргэдэд туслах төсөл ажээ. 


Энэ удаа нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Чингэлтэй дүүрэг болон Увс, Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн 1200 айл өрхөд хүнс болон зайлшгүй хэрэгцээт 7 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний тусламж хүргэсэн байна. Нархан" хүүхдийн асрамжийн газар болон "Миний ертөнц", Эл Бирлиги, "Хүний хөгжлийг дэмжих гүүр" зэрэг ТББ тусламжийг түгээхэд хамтран ажиллажээ.


БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш тусламжийн барааг түгээх үйл ажиллагааны үеэр хэлэхдээ, ТИКА нь жил болгон Рамадан сарыг тохиолдуулан зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаа ТББ-уудтай хамтран сайн үйлсийн, хүнсний тусламжийн төсөл хэрэгжүүлж байна. Монгол бол бидний хувьд ахан дүүсийн найрсаг харилцаатай улс юм. ТИКА-гийн бусад салбарт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд хоёр улсын харилцааг өргөжин бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсаар байгаа билээ” хэмээн онцолсон байна.


"Миний ертөнц" ТББ-ын тэргүүн Б.Номинхүү, "ТИКА-тай 2018 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд хүнсний тусламжийг хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд болон зорилтот гэр бүлүүдэд хүргэж байна. Хамтран ажилласан ТИКА болон Туркийн ард түмэнд талархсанаа илэрхийлье" хэмээжээ. 





Холбоотой мэдээ