Зээлийн хүү бууруулах хэрэгжилт хангалтгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-14 11:59:59

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Банкны салбарын үзүүлэлт өнгөрсөн онд тогтвортой өсөж, нийт актив өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 23 хувиар нэмэгджээ.


Эдийн засгийн салбаруудыг дэмжиж ирсэн банкны зээлийн өсөлт үргэлжилж, бизнесийн зээл 27 хувиар нэмэгдсэн. Зээлийн өсөлтийг дагаад салбарын хэмжээнд чанаргүй зээл 7.5 хувь болж буурсан зэрэг эерэг үзүүлэлттэй байгааг Монголын банкны холбооноос мэдээлэв.


Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар зээлийн дундаж хүү 16.7 хувьтай байсан нь УИХ-аас баталсан “Зээлийн хүү бууруулах стратеги 2020-2023”-ын хүрээнд хүүгийн түвшин ердөө 0.6 нэгж хувиар буурсан, хэрэгжилт хангалтгүй байгааг Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар тэмдэглэлээ.


Дээрх стратегийн хүрээнд зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах, макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэлийн зардал болон банкны үйл ажиллагааны зардлыг багасгах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, өрсөлдөөн бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлд үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа аж. 

Холбоотой мэдээ