Азийн сэтгүүлчид залуу үеийнхэнд мэдээллээ хүргэхэд онцгой анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2024-03-08 16:12:43

Токио, 2024 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн байгууллагуудын холбоо (ОАNА, ОАНА)-ны Удирдах зөвлөлийн 52-р хурал Япон улсын Токио хотноо гуравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болж байна. Тус хуралд бүс нутгийн 14 орны мэдээллийн агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцож байна.


ОАНА нь ЮНЕСКО-гийн санаачилгаар 1961 онд байгуулагдсан. Өдгөө 35 орны 44 мэдээллийн агентлагийг эгнээндээ нэгтгэж дэлхий даяар түгж буй нийт мэдээллийн гуравны хоёрыг нийлүүлдэг, нэр хүндтэй байгууллага юм.


МОНЦАМЭ агентлаг 1981 онд ОАНА-д гишүүнээр элссэнээс хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. Турк улсын Истанбул хотноо 2010 онд болсон Ерөнхий ассамблейн ээлжит хурлаас Удирдах зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдож, Улаанбаатар хотноо 2011 онд Удирдах зөвлөлийн хурлыг амжилттай зохион байгуулсан билээ. Улмаар 2013, 2019, 2022 онд Ерөнхий ассамблейн хурлаас Удирдах зөвлөлийн гишүүн, 2016 оноос Техникийн хорооны гишүүнээр нь гурав дахь удаагаа улиран сонгогдоод байгаа юм.

ОАНА-гийн Удирдах зөвлөлийн энэхүү 52-р хурлаар, мэдээллийн байгууллагуудын өмнө тулгарч буй шинэ боломж, сорилт, цахим буюу дижитал эрин үеийн мэдээллийн агентлагийн үйл ажиллагааны онцлог зэрэг олон асуудлыг хэлэлцэж байна. Нэн ялангуяа, нийгэм асар хурдтай хувьсан өөрчлөгдөж, мэдээлэл олж авах хамгийн дөт замыг эрэлхийлэх болсон энэ цагт шинэлэг хэлбэрээр мэдээлэл түгээх, тэр дундаа ухаалаг техник технологи, сошиал медиаг өргөн ашиглаж буй залуу үеийнхэнд мэдээллээ хүргэхэд онцгой анхаарч, санал бодлоо хуваалцаж байна. Мөн хэвлэл мэдээллийн агентлагуудын санхүүг бэхжүүлэх тухай асуудал ч тус хурлын ач холбогдол өгч, хэлэлцүүлж буй сэдвүүдийн нэг болж байна.


Тус хурлын үеэр, Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос Япон улсын Киодо ньюс агентлагийн ерөнхийлөгч Тору Мицүтани, ОХУ-ын ТАСС агентлагийн тэргүүн дэд захирал Михаил Гусман нартай уулзаж, хамтын ажиллагааныхаа гэрээг тус тус шинэчлэн байгуулав.


Мөн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос Катар улсын КНА агентлагийн даргын зөвлөх Жасим Аль Хамади, Вьетнамын ВНА мэдээллийн агентлагийн ерөнхий захирал Ву Вьет Транг, Болгарын мэдээллийн ВТА агентлагийн дарга Кирил Валчев нартай тус тус уулзаж, хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэхээр тохирлоо. Түүнчлэн тэрбээр БНХАУ, Малайз, Иран, БНСУ-ын мэдээллийн агентлагийн удирдлагуудтай уулзахдаа хоёр талын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийн талаар санал солилцсон юм.  


МОНЦАМЭ агентлаг нь Ази-Номхон далайн мэдээллийн байгууллагуудын холбооны мэдээллийн нэгдсэн сүлжээ www.oananews.org цахим хуудсанд өдөр бүр Монголын тухай мэдээ, мэдээллийг англи хэлээр гэрэл зураг, дуу дүрстэйгээр нийлүүлж байна.


Зургийн тайлбар: Монгол Улсын Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос Япон улсын Киодо ньюс агентлагийн ерөнхийлөгч Тору Мицүтани нар

хоёр талын хамтын ажиллагааны гэрээг шинэчлэв. 



Зургийн тайлбар: Монгол Улсын Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос ОХУ-ын ТАСС агентлагийн тэргүүн дэд захирал Михаил Гусман нар хоёр талын хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгууллаа.

Холбоотой мэдээ