“Laureus” шагналд нэр дэвшигчдийг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-02-27 15:45:04

ПАРИС, 2024 оны хоёрдугаар сарын 27 /Anadolu/. Спортын салбарын Оскар гэгддэг “Laureus World Sports Awards” шагналд нэр дэвшигчдийг даваа гарагт танилцууллаа. Тус наадмын шагнал гардуулах 25 дахь удаагийн ёслол ирэх дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Испанийн нийслэл Мадрид хотноо болно.


Laureus Sport for Good Foundation” сангаас 1999 онд санаачлан зохион байгуулж эхэлсэн жил тутмын шагнал гардуулах ёслолын үеэр тухайн жилдээ онцгой амжилт үзүүлсэн тамирчид, багуудыг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд “Оны шилдэг эрэгтэй тамирчин”, “Оны шилдэг эмэгтэй тамирчин”, “Оны шилдэг баг” зэрэг долоон төрөлд шагналын эзэд тодордог.


“Интер Майами” клубийн аргентин довтлогч Лионель Месси 2023 оны шилдэг тамирчнаар шалгарч байсан бол энэ онд дахин нэр дэвшжээ. Түүнчлэн 2023 онд Их дуулгын гурван цомыг өргөсөн, Сербийн алдарт теннисчин Новак Жокович мөн оны шилдэг тамирчин төрөлд нэр дэвшсэн байна.


Мөн уг шагналын төлөө тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтын эзэн Арман Дюплантис, 2023 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван алтан медальт АНУ-ын тамирчин Ноа Лайлс, Манчестер Сити”-гийн норвег од Эрлинг Хааланд, Формула-1-ийн дэлхийн аварга, Нидерландын нисэгч Макс Верстаппен нар өрсөлдөж байна.



Харин “2024 оны шилдэг эмэгтэй тамирчин” шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад 2023 онд Австрали, Шинэ Зеландад болсон эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Барселона Фемени багийн хагас хамгаалагч Бонмати тэргүүтэй тамирчид багтжээ.


АНУ-ын гимнастикч Симона Байлзын хувьд 2024 оны шилдэг эргэн ирэлт шагналын төлөө өрсөлдөнө. Тэрбээр 2023 оны уран сайхны гимнастикийн ДАШТ-д түрүүлснээр дэлхийн зургаан удаагийн аварга болсон анхны эмэгтэй гимнастикч болсон билээ. Тэрбээр мөн Олимпын дөрвөн алтан медальтай. Өдгөө 26 настай С.Байлз 2021 онд болсон Токиогийн Олимпын дараа түр завсарлага авч, 2023 онд их спортдоо эргэн ирсэн юм.

Холбоотой мэдээ