Конференцийн лигийн тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-02-23 10:51:40

МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын 23  /РИА Новости/.  Европын Конференцийн лигийн тэмцээний 1/8 шигшээ тоглолтуудад оролцох багуудын нэрс тодорхой боллоо.  


Пүрэв гарагт хариу тоглолтууд болж, шилдэг 16 багийн өрсөлдөөнд оролцохоор "Аякс" (Нидерланд), "Динамо" (Загреб, Хорват), "Серветт" (Швейцар), "Юнион" (Бельги), "Мольде" (Норвег), "Штурм" (Австри), “Олимпиакос" (Грек) гэсэн 7 баг шалгарсан байна.


Өмнө нь Израилын Хайфа хотын “Маккаби” клубын хөлбөмбөгчид Бельгийн “Гент” багийг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр давамгайлснаар 1/8-ийн шигшээд шалгарсан юм. Аюулгүй байдлын үүднээс хоёр багийн тоглолтыг 21-ний өдөр үзэгчгүй хоосон цэнгэлдэх хүрээлэнд явуулсан бөгөөд тоглолт 1:1 харьцаагаар өндөрлөжээ.


Харин Конференцийн лигийн тэмцээний 1/8-ийн хасагдах шатанд хэсгээ тэргүүлсэн "Лилль" (Франц), "Маккаби" (Тель-Авив, Израиль), "Виктория" (Чех), "Брюгге" (Бельги), "Астон Вилла" (Англи), "Фиорентина" (Итали), ПАОК (Грек), "Фенербахче" (Турк) гэсэн 8 баг шууд шалгарсан юм.

 

Хасагдах шатны учраануудыг тодруулах сугалаа өнөөдөр Швейцарын Ньон хотод болох ба эхний тоглолтууд 3 дугаар сарын 7-нд, хариу тоглолтууд 3 дугаар сарын 14-нд тус тус болно.


Конференцийн лигийн тэмцээн 2021/2022 оны улирлаас эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд одоогийн аварга нь Английн “Уэст Хэм” баг юм.  

 

 

 

Холбоотой мэдээ