Д.Уайт: Бүх цаг үеийн хамгийн агуу тулаанч бол Жон Жонс

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-02-22 12:21:18

МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын 22 /РИА Новости/. Оросын хөнгөн жингийн тамирчин Хабиб Нурмагомедов бол бүх цаг үеийн хамгийн агуу тулаанч мөн хэмээн үздэг үү гэсэн асуултад Мэргэжлийн холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-гийн Ерөнхий захирал Дэйна Уайт дорх хариултыг өгчээ.


“Хамгийн агуу тулаанч бол Жон Жонс. Тэрбээр ялагдал гэдгийг үзээгүй тамирчин. Хабиб ч мөн адил ялагдаагүй, гэхдээ би түүнээс илүү ихийг хүсэн хүлээж байсан. Жонс хагас хүнд жинд бүгдийг ялсан, одоо хүнд жинд ч ялсаар байна. Бүхэл бүтэн гурван жил засварласны эцэст шүү дээ! Домогт Мухаммед Али хүртэл ийм хугацааны дараа урьдынх шигээ байж чадаагүй юм. Жонс дэвжээнд гарангуутаа Сириль Ганыг амьдралдаа хэзээ ч зодолдож байгаагүй мэт байдалд оруулж байсан. Тэгэхээр Жонс бол хамгийн агуу нь яах аргагүй мөн” гэж Уайт "Games with Names" цахим хуудсанд ярилцлага өгөхдөө хэлжээ.


Өдгөө 36 настай, UFC-гийн хүнд жингийн аварга Жонс 27 удаа ялж, нэг удаа ялагдсан бөгөөд нэг тоглолтыг нь хүчингүйд тооцсон байна.


Харин Оросын нэрт тулаанч, UFC холбооны хөнгөн жингийн аварга Х.Нурмагомедов 2020 оны 10 дугаар сард 29 ялалт, ганц ч ялагдалгүйгээр мэргэжлийн тамирчны замналаа дуусгасан билээ.  

Холбоотой мэдээ