Нэрт хөлбөмбөгчин Андреас Бреме таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-02-20 17:01:55

МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын 20 /РИА Новости/.  Германы хөл бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 1990 оны дэлхийн аварга цолыг хүртэж байсан Андреас Бреме 63 насандаа таалал төгссөн тухай “Бавария” клубын Х нийгмийн сүлжээн дэх хуудсанд мэдээлжээ.


Нэрт хөлбөмбөгчний нас барсан шалтгааныг дурдаагүй байна.


Андреас Бреме тамирчны замналдаа Германы “Бармбек”, "Саарбрюккен", "Кайзерслаутерн", "Бавария" багуудад, мөн Италийн “Интер”, Испанийн “Сарагоза” клубүүдэд тоглож байсан юм. Тэрбээр Герман улсын хошой аварга, Италийн аваргаар шалгарч, Германы цом, Суперцом, Италийн Суперцом, УЕФА-гийн цомыг тус тус хүртэж байсан нэртэй тамирчин байлаа.

1990 оны ДАШТ-ний финалын тоглолтод А.Бреме торгуулийн цохилтоор Аргентины хаалганд гоол оруулснаар /1:0/ Германы шигшээ баг дэлхийн аварга болоход шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн юм.


Өмнө нь 1986 онд Германы шигшээ баг ДАШТ-ний финалд шалгарсан боловч шийдвэрлэх тоглолтод аргентинчуудад хожигдож байв.


Хөлбөмбөгчний замналаа дуусгасан А.Бреме "Кайзерслаутерн", "Унтерхахинг” багуудын ахлах дасгалжуулагч, “Штутгарт” багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байжээ.     

Холбоотой мэдээ