Япон, Умард Солонгосын эмэгтэйчүүдийн шигшээ багуудын тоглолт Саудын Арабад болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-02-20 17:10:47

ТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 20 /NHK/. Японы эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн шигшээ баг Умард Солонгосын багтай хийх Олимпын эрхийн төлөөх тоглолтуудынхаа эхнийхийг Саудын Арабад хийхээр болжээ.


Эх орондоо болон эсрэг багийн талбайд хийх хоёр тоглолтын эхнийх нь хоёрдугаар сарын 24-нд Пёньянд болох байсан юм. Гэвч энэ сарын эхээр Азийн хөл бөмбөгийн холбооны /AFC/ зүгээс бэлтгэл хийхэд хүндрэл учирч болзошгүйг харгалзан уг тоглолтыг төвийг сахисан бүсэд хийхийг санал болгожээ.


Японы хөл бөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн хорооны тэргүүн Сасаки Норио мягмар гарагт Токиогоос холгүй орших Чиба хот дахь багийн бэлтгэлийн баазад сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. Саудын Арабын Жидда хотод зохион байгуулагдах тоглолтод бэлдэхийг AFC-аас тус багт даалгасан гэж тэрбээр хэлсэн байна.


Түүний хэлснээр, тоглогчид болон ажилтнууд мягмар гаргийн шөнө Саудын Арабыг зорино. Багийн ахлагч Кумагай Саки хэлэхдээ, тоглогчдын хувьд хамгийн сайн бэлтгэлтэй байх нь амаргүй хэдий ч Парисын Олимпын эрхийн төлөө чадах бүхнээ хийх болно гэлээ. Түүнчлэн тэрбээр зохион байгуулах газрыг шийдэхдээ тамирчдыг төөрөлдүүлсэн байж болшгүй гээд хэдийгээр тамирчид сонгосон газарт очих боловч ийм байдал дахин хэзээ ч давтагдах ёсгүй гэж хэлжээ.

Холбоотой мэдээ