ДОРНОГОВЬ: Бүтээгдэхүүний сав, баглаа боодол сайжирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-27 15:15:36

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтаж уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар-2024” үзэсгэлэн худалдааг 13 дахь жилдээ Сайншанд суманд гаргалаа. 


Аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд аймгийн 12 сумын 170 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ иргэд олон нийтэд сурталчлан борлуулж байгаа юм. Энэ жилийн онцлог нь бүтээгдэхүүний сав, баглаа боодол илт сайжирч, хэрэглэгчдийн эрх ашиг, хэрэгцээнд нийцсэн байгаа нь дэвшил гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Тухайлбал, Дорноговийн брэнд болсон загасгал цайны төрөл, савлагаа илүү сайн болсон бол малын шийр толгойг хуйхалж савлан борлуулж байна.


Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос найман төрөлд шилдгүүдийг шалгаруулахад шилдэг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Э.Батгэрэл, шилдэг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Арвин хамба чандмань” ХХК, шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Л.Бямбасүрэн, шилдэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Hey food”, шилдэг сав, баглаа боодол нэвтрүүлэгчээр “Далт мөнгөн шанд” ХХК, шилдэг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ээр “Мандала” ХХК, шилдэг өрхийн үйлдвэр эрхлэгчээр З.Отгонболд, шилдэг сумаар Сайхандулаан сум шалгарчээ.

Холбоотой мэдээ