ХЭНТИЙ: Бадминтоны өсвөр үеийн УАШТ-нд Хэнтийн баг тамирчид тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-01-26 11:16:18
Чингис, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/.Бадминтоны өсвөр үеийн УАШТ-ийг энэ сарын 21-24-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж, нийлбэр дүнгээр Хэнтийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ.

Тэмцээнд 12 байгууллагын 298 тамирчин дөрвөн насны ангилал, таван төрлөөр хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шигшээ багийн Бадминтоны спортын ахлах дасгалжуулагч О.Батбилэг, туслах дасгалжуулагч Л.Батжаргал, М.Нямжав дасгалжуулагчтай, өсвөр үеийн шигшээ багийн 44 /хөвгүүд-22, охид-22/ тамирчин амжилттай оролцов. Тус тэмцээнээс нийт зургаан алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медалийг тус тус хүртэж, багийн нийлбэр дүнгээр Хэнтий аймгийн баг тамирчид нэгдүгээр байрт шалгарсан амжилтыг гаргалаа.

Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багт 1016 тамирчин спортын 13 төрлөөр хичээллэж байна. Эдгээр багийн үйл ажиллагааг дэмжиж сүүлийн гурван жилд 353 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Тогтмол дасгал сургууль хийн, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангаснаар шигшээ багийн тамирчид улс бүсийн тэмцээн уралдаанаас 386 багц медаль хүртэж, нэг тамирчин олон улсын хэмжээний мастер, хоёр тамирчин спортын мастер, хоёр тамирчин спортын дэд мастер цол хүртэж, нэг тамирчин Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ.


Холбоотой мэдээ