ДУНДГОВЬ: 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, түүхийн гэрч болсон нэг ахмад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-24 12:32:30
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. 1945 оны чөлөөлөх дайнд Дундговь аймгаас оролцсон 800 гаруй ахмад дайчдаас өдгөө 100 настай нэг ахмад түүхийн гэрч болон амьдарч байгааг тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн хэлтсээс мэдээллээ.


Энэ хүн бол Дэрэн сумын харьяат, 100 настай Н.Пүрэвжалба юм. Тэрбээр 1924 онд төрсөн, 1944 онд цэргийн албанд татагдан Сулинхээрийн 9 дүгээр отрядад алба хааж байгаад 1945 онд чөлөөлөх дайнд оролцжээ.


Н.Пүрэвжалба гуай хэлэхдээ “1945 онд чөлөөлөх дайнд оролцож, Бат хаалга хүртэл яваад тухайн ондоо Дотоод явдлын яамны 9 дүгээр хэлтсийн харьяа Олзлогсдыг хамгаалах хороонд томилогдон ирж алба хаан, японы олзлогсдыг харгалзаж байсан. Тэндээсээ 1948 онд халагдаж, нутагтаа ирж ХАА-д ажиллаж байгаад, 1960 оноос 30 жил худалдаанд агент хийж байсан. Тэгээд 1990 онд тэтгэвэртээ гарсан” гэлээ.


2024 оны байдлаар Дундговь аймгийн хэмжээнд 100 болон түүнээс дээш настай 5 ахмад байгаагийн нэг нь Н.Пүрэвжалба гуай бөгөөд тэрбээр эхнэр Цэвээнжавын Халтарын хамт Улаанбаатар хотноо амьдарч байна. 

Холбоотой мэдээ