ХЭНТИЙ: Аймгийн хэмжээнд 17 цэцэрлэгт өргөтгөл барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-01-24 09:10:40
Чингис, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/Хэнтий аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 34 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 17-оод нь өргөтгөл бариад байгаа бөгөөд энэ онд хоёр цэцэрлэгт өргөтгөл хийхээр төлөвлөөд байгаа аж.

Өнөөдөр Хэрлэн сумын Нэгдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт болж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй зочид оролцов.

Тус өргөтгөлийн барилгын ажил болон хуучин байрны их засварын ажлыг “Солармед Монгол” ХХК 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд 10 бүлэгт 2-5 насны 315 хүүхэд суралцаж байна. Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар СӨБ-ын хамрагдалт нэмэгдэж, багш, сурагчдын тав тухтай суралцах, ажиллах боломж нөхцөл бүрдэж байна.

Мөн энэ өдөр Хэрлэн сумын улсын тэргүүний V цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт боллоо. Тус өргөтгөлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Мандалт констракшн” ХХК 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж гүйцэтгэжээ.

62 жилийн түүхтэй тус цэцэрлэгт 2023-2024 оны хичээлийн жилд нийт 162 хүүхэд суралцаж байсан бол өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор 50 хүүхдийн ороор өргөжиж, 192 суралцагчтай болоод байна.
Холбоотой мэдээ