ДУНДГОВЬ: Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-19 17:02:24
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. 2024 онд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт угаалгын болон гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, тархины мэс заслын багаж хэрэгсэл худалдан авах 237,0 сая төгрөгийг ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төсөвт тусгажээ.


Өнгөрсөн оны 12 дугаар сард Нэгдсэн эмнэлгийн 100 ортой шинэ эмнэлэг ашиглалтад орж, эмнэлгийн үйлчилгээний орчин сайжирсан. Шинэ эмнэлэгтээ дээрх тоног төхөөрөмжтэй болсноор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн өвчний онцлогт тохирсон хоолыг цэсийн дагуу гаргах болон гэмтлийн үеийн тархины яаралтай хагалгааг орон нутагтаа хийх боломж бүрдэх юм.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат өчигдөр шинэ эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, үйлчилгээний орчин сайжирсан хэдий ч зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, өрөө, тасгийн тохижилт дутмаг байгаа тул гадна тохижилтын зураг төсвийг хийж, шаардлагатай тоног төхөөрөмж, тохижилтын эд зүйлсийг шат дараатайгаар төсөвт суулган хэрэгжүүлэх хэрэгцээтэй хэмээн онцолсныг аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ.


Өнгөрсөн онд Нэгдсэн эмнэлэгт гурван удаагийн тархины хагалгаа хийснээс хоёр хагалгааг Гэмтлийн эмнэлгийн эмч нартай хамтран хийсэн бол нэг хагалгааг аймгийн мэс заслын эмч нар бие даан гүйцэтгэсэн байна.


Шинэ эмнэлэгтээ гемодиализийн эмчилгээг хийж эхэлснээр Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотод очиж эмчлүүлдэг байсан  иргэд орон нутагтаа тус эмчилгээ, үйлчилгээгээ авах боломж бүрджээ.


Ц.Мөнхбат эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэр Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт ус шүүгч, ургийн монитор хүлээлгэн өгсөн байна. 

Холбоотой мэдээ