ДУНДГОВЬ: Эрдэнэдалай суман дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-16 18:03:00
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгал” номд өгүүлснээр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд Баянхошууны булш, хиргисүүр, Баян-Улаан уулын булш, Баян-Улаан уулын тахилын онгон, Бичигт хадны бичээс, Сангийн далай хийдийн цогчин дуган, Талын булгийн тахилын онгон, Үнстийн хийдийн туйр, цогчин дуганы үлдэгдэл, Үнэгт хайрханы булш, хиргисүүр, хадны зураг, Харц хадны булш хэмээх 9 дурсгал бүртгэгджээ.


Баянхошууны булш, хиргисүүр Эрдэнэдалай сумын төвөөс баруун тийш 38 орчим км-т, Баянхошууны энгэр бэлээр байх ба энд цөөн хэдэн булш, хиргисүүр тэмдэглэгджээ.


Баян-Улаан уулын булш сумын төвөөс зүүн урагш 38 орчим км-т, Баян-Улаан уулын энгэр бэлээр байдаг. Баян-Улаан уулын тахилын онгон сумын төвөөс зүүн урагш 37 орчим км-т, Баян-Улаан уулын зүүн хөтөл дээр, дундаа хөшөө чулуутай тахилын онгон юм.


Сангийн далай хийдийн цогчин дуган нь Эрдэнэдалай сумын төвд хуучны Сангийн далай хийдийн түүхийг хадгалан үлдсэн цор ганц цогчин дуган аж. Цогчин дуганыг 1918-1919 онд барьсан бөгөөд энэ нь 10 сүм, дугантай, 300 лам хурдаг, цам тоглодог гол дуган байжээ. Энэхүү дуганыг Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газраас 1987 онд хэмжилт судалгаа хийж, 1990-1991 онд сэргээн засварласан байна.



Талын булгийн тахилын онгон сумын төвөөс баруун тийш 35 орчим км-т, Өргөн хэмээх газарт байрладаг ба энэ нь 4 хавтан чулуу бүхий тахилын онгон юм. Үүнийг нутгийнхан “Чингисийн суудал хад“ хэмээн нэрлэдэг ажээ.


Үнстийн хийдийн туйр сумын төвөөс зүүн урагш 35 орчим км, Цагаан-Овоо багийн төвөөс 5 км зайд оршдог. Хийдийг 1910 оны үед барьж байгуулсан бөгөөд түүнийг дээр үед шатсан барилгын суурин дээр барьсан тул Үнстийн хийд хэмээн нэрлэсэн гэдэг. Үнстийн хийд нь монгол үндэсний сүмийн барилгын төрх, төлвийг хадгалж үлдсэн, суурин газрын орон сууцны төлөвлөлтийг хадгалж чадсан онцлогтой хэмээн үнэлдэг байна.  



Үнэгт хайрханы булш, хиргисүүр, хадны зураг бүхий дурсгал сумын төвөөс баруун тийш 31 орчим км-т, Эргэнэгийн говийн зүүн захад орших Үнэгт хайрханы орчимд байдаг.  Мөн энэ хавийн хад чулуун дээр сийлмэл зургийн дурсгал арвин байдаг аж.

Харц хадны булш сумын төвөөс баруун урагш 5 орчим км-т, нутгийнхны “Харц хатны” хэмээн нэрлэдэг нэгэн булш бий.










 

Холбоотой мэдээ